УИХ-ын чуулганы өчигдрийн (2018.11.23) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай хэлэлцсэн юм. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнаж байдаг Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар холбогдсон.
Энэ асуудлаар УИХ-ын дарга арваннэгдүгээр сарын 14-нд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатартай уулзаж, төрийн өндөр албан тушаал хаших ёс зүйн эрхгүй талаар өөрт нь хэлж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг тавьсан байдаг. Улмаар Ерөнхий аудитор Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь заасны дагуу 11 дүгээр сарын 19-ний өдөр үүрэгт ажлаасаа түдгэлзүүлэх хүсэлтийг ирүүлжээ. Энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагаас УИХ-ын дарга холбогдох мэдээллийг нь авсан аж. Ингээд Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Монгол Улсын Ерөнхий аудитор гэмт хэрэгт сэжиглэгдсэн болон шүүхийн шийдвэр гарах хүртэл УИХ албан тушаалаас нь түдгэлзүүлэх ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол албан тушаалаас нь огцруулна” гэж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасныг дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д тавьжээ. УИХ-ын Төсвийн байнгын хорооД.Хүрэлбаатарыг албан тушаалаас түдгэлзүүлэхийг дэмжсэн байна.
УИХ-ын даргын захирамжаар энэ оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдсан Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгааг Д.Тэрбишдагва гишүүн хэлж байлаа. Тэрбээр ажлын хэсэг ойрын хугацаанд УИХ-д санал, дүгнэлтээ танилцуулахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ хүрээнд Үндэсний аудитын газраас холбогдох баримт бичгүүдийг яаралтай ирүүлэх талаар сануулсан юм.
Ингээд Д.Хүрэлбаатарыг Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлэхийг дэмжсэн Төсвийн байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.1 хувь нь дэмжив. Иймд “Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, гишүүдийн 89.5 хувь нь дэмжсэн юм.