Улс төр судлаач О.Чулуунбилэгтэй Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-АН-ын нэг үеийн залуус гадагшаа сурч ирээд энд тэнд лекц унших болж. Өөрөө ажлаа өгснөөс хойш юу хийж байна?
-Хэсэг нөхдийн хамт “Хөгжлийн төлөөх соён гэгээрэл” гэж нэртэй төрийн бус байгууллага байгуулаад судалгаа, нөлөөллийн ажлууд хийж байна. Хажуугаар нь хоолоо олж идэхийн тулд зөвлөх үйлчилгээний бизнес эхлэх санаатай оролдож л сууна.
-Намынхаа ажилд хэр оролцоотой байна. Танай намын залуусын дуу хоолой нийгэмд огт сонсогдохгүй юм?
-Шийдвэр гаргахад оролцох эрх бүхий намын сонгуульт гишүүн байснаа сүүлийн ротацаар хасагдсан. Одоо намын 180.000 гишүүдийн нэг. Миний бодлоор АЗХ сайн ажиллаж байгаа. Та сошиалд ороод үзээрэй. Бас миний мэдэхээр 70-аад оныхны клуб бий.
-АН-ын шинэчлэл дууссан уу. УИХ-ын сонгууль болоход бараг жил гаруйхан л хугацаа үлдлээ?
-Шинэчлэл хэзээ ч дуусдаггүй. Хэд хэдэн шатны шинэчлэл бол хийгдсэн. Энэ бол том дэвшил. Шинэчлэлээ хүлээж буй намын үндсэн асуудлууд ч зөндөө бий. Лидерүүдийн хомсдолтой харагдаж эхэлсэн нь ч үнэн.
-Шулуухан асууя, АН-д шинэчлэл явагдсан уу, шинэ хуваарилалт хийгдсэн үү. Харахад бол нэмэгдэхүүний л байрлал өөрчлөгдсөн юм шиг?
-Тоглоомын дүрэм бүхэлдээ өөрчлөгдсөн болохоор шинэчлэл хийгдсэн. Намын дарга, намын дэргэдэх удирдлагаа бүх гишүүдийн саналаар сонгодог болсон нь шинэ соёл. Бас том дэвшил. Шинэ залуучууд гарч ирэхэд хугацаа хэрэгтэй. Тэд илүү их “субботник” хийх хэрэгтэй болж байна. Залуучууд үеэрээ гарч ирэх ёстой.
-Намуудын уур амьсгал улам ширүүсч байна. Ялангуяа эрх барьж байгаа МАН бараг гэрээ шатааж байх шиг. Танайд бас хагарал, тэмцэл сэм явагдаад байгаа?
-Судлаачийн хувьд дүгнэхэд Монголын улс төрийн намууд мухардалд орсон. Үүнийг зарлах цаг болсон. Та анзаарч байгаа бол 2012 онд олонх болонгуут манай Ардчилсан нам ч МАН-ынхнаас дутахгүй гэрээ галдсан. Эрх барингуутаа аль ч нам дотоод бүлэглэлийн зодооноо эхлүүлдэг эмгэгтэй.
-Засгийг огцруулах операци эхэллээ. Улс төр судлаач хүний хувьд МАН-д болж буй зодооныг хэрхэн дүгнэж байна вэ?
-Түрүүн хэлсэн. Намын хямрал төрийн хямрал болдгийн л илрэл юм. Үүнийг засах үндэс нь улс төрийн намын тухай, улс төрийн намын санхүүжилтийн хууль, сонгуулийн хууль цаашлаад үндсэн хуулийн өөрчлөлт гэж хардаг. Багц хуулиудаа өөрчлөхгүй бол АН 2020 онд яллаа гэхэд энэ зодооны гуравдугаар ангийг л хийнэ. Асуудал нэг намд биш байна. Асуудал улс төрийн тоглоомын дүрэмд байна.
-ЖДҮ-ийн дуулиан МАН-ын бузар булайг илчиллээ. МАН-ын фракциуд эвлэрэхээсээ нэгэнт өнгөрч. Энэ нам задарч, хоёр хуваагдах нь гарцаагүй болчихсон юм биш үү?
-Том утгаар нь харвал бүх намуудад задрал, дахин хуваарилалт явагдаж байна л даа. Эрх барьж буй намын зодоон л тайзан дээр илүү тод харагдаж байгаа юм. Хамгийн сүүлд гарч ирсэн ХҮН-ынхан хүртэл 2016 оны парламентийн сонгуулийн өмнө яаж муудалцав. Том жижгийн, хуучин шинийн ялгаа байхгүй намууд жам ёсны задралд өртөж байна.
-МАН-ын энэ “дажин”-г Монголын улс төрийн цэвэршилт гэж харж болох уу. Эсвэл баялгийн зодоон улам ширүүсч байгаагийн илрэл үү?
-Улс төр эрүүл болох эсэх нь У.Хүрэлсүхийн дараагийн ерөнхий сайд хэн байхын, ямар бүтэцтэй, ямар бодлоготой байх гэдгээс л шууд харагдана даа.
Ж.Эрдэнэбатынх “Мэргэжлийн засгийн газар”, У.Хүрэлсүхийнх “Ардын засгийн газар” гэсэн. Одоо “Бөхийн засгийн газар” эсвэл “Ерөнхийлөгчийн засгийн газар” байж магад. Бүр “Сонгуулийн засгийн газар” ч байвал улс төр бүр л бохир хэвээр бүр удах биз.
-Та Хүрэлсүхийн Засгийн газар анх байгуулагдахад “Хүрэлсүхийн засгийн газрын гурван эмзэг цэг” гэсэн нийтлэл бичиж байсан. Одоо харахад ямар харагдаж байна?
-Одоо харахад бодитой л бичсэн санагдаж байна.
-Тэгвэл одоо Засгийн газар огцрох эсэх талаар судлаачын хувьд юу гэж дүгнэж байна?
-Ийм Засгийн газартай МАН сонгуульд орвол сөрөг хүчний намын гишүүний хувьд харвал баярламаар ч үндэсний эрх ашгийн үүднээс харвал даруй солих ёстой. Нэгд, Хүрэлсүхийн засгийн газар иргэдэд легитим буюу хүлээн зөвшөөрөгдах чадамжгүй болсон. Өөрийнхөө ждүчин сайд нарт бүрэн хариуцлага тооцож чадахгүй байгаа хүний үгэнд одоо олон нийт итгэх үү. Төрийн байгууллагууд ч, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар ч хүлээлтийн байдалд орж дараагийн ерөнхий сайд хэн бэ гэдгийг ажиглаад ажил явахаа больчихлоо. Хоёрт, Энэ ерөнхий сайд гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг ерөнхийлөгчид алдчихлаа.
Бие дааж шийдвэр гаргах чадваргүй, баримталсан хатуу бодлого байхгүй эмоцоороо төр удирдаж байна.
МАН-ын удирдлагыг ерөнхийлөгчид алдаж болно. Монголын засгийн газар буюу төрийн гүйцэтгэх эрх мэдлийг үндсэн хуулиар эрх нь олгогдоогүй субектэд шилжүүлж болдоггүй юм. Засаглал хоорондын зөрчлийг У.Хүрэлсүх ерөнхий сайд эхлүүлж байна. Гуравт, МАН-ын шинэ хуучин дарга нар М.Энхболд, У.Хүрэлсүх нар намын хэрүүлээ төрийн хэрүүл болгож ордонд чирж оруулсан. Одоо У.Хүрэлсүх ерөнхий сайд төрийн хэрүүлээ иргэдийн хэрүүл болгохоор нийгмийн экстрим бүлгүүд, залуучуудыг жагсаал цуглаан, хэвлэлийн бага хурал хийлгүүлж албан бусаар турхирч буй тухай ярих боллоо. Энэ үнэн бол цөөхөн монголчууд нэгнээ алж эхлэхээс өмнө түүнийг яаралтай огцруулах ёстой.
-Үндсэн хуулийн өөрчлөлт МАН-ын зодоонд дарагдаад байна л даа. Гэхдээ энэ зодооны уг үндсийг хөөвөл нөгөө л Үндсэн хуулийн шинэчлэлтэй холбогдож наалдах юм шиг ээ?
-Тийм. Харамсалтай нь одоогийн их хурал үндсэн хуулийн шинэчлэл хийх легитим чадамжгүй болсон. Ихэнх гишүүд нь ЖДҮ, авилгал, албан тушаалыг наймаалах оролдлого, ёс зүйн асуудалд холбогдсон ийм парламент үндсэн хууль өөрчилвөл нийгмийн олонх хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд ч нэг сарын дараа парламентийн сонгуулийн сурталчилгаа албан бусаар эхлэх гэж байна. Сонгуулийн хуулийн цоорхойгоос болж сонгуулийн жилээс өмнө бүх гишүүд тойрогтоо очиж юм тараах “өглөгийн жил” ирж байна. Юун шинэ жил, юун авъяаслаг монголчууд нэвтрүүлэг.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр танай намаас гарсан Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн засаглалыг санал болгож байгаа. Харин намын дарга чинь парламентын засаглалыг дэмжиж буй. Таны хувьд Монголд аль хувилбар нь илүү зохимжтой вэ?
-Ерөнхийлөгч албан ёсоор санал болгосон юм алга. Цөөн улс төрч, хэсэг судлаачид, нийгмийн багагүй хэсэг ерөнхийлөгчийн засаглал санал болгохдоо гүйцэтгэх эрх мэдлийг ерөнхийлөгч авах тухай л яриад байгаа. Тэдний жишээ болгож авч байгаа америкт гэхэд ерөнхийлөгч намаас нэр дэвшдэг учраас улс төрждөг, хууль тогтоох байгууллагадаа захирагддаг, тайлагнадаг, зөрчилддөгийг Трампын жишээн дээр орой болгон шахуу телевиз, онлайнаар харж байна шүү дээ. Биднээс юугаараа ялгаатай байгаа юм. Нэг ялгаа нь холбооны улс болохоор гүйцэтгэх засаглалын тэргүүн нь легитим шинжээ олж авахын тулд бүх ард түмнээс сонгогддог.
Гурван Монгол нийлэхээрээ зодолддог гэсэн алдартай үг бий. Өнөөдрийн улс төр засаглалын хямралын билэг тэмдэг болсон төрийн гурван өндөрлөгт хандаж хэлэхэд зөрчлийн чинь өртөг хэтэрхий өндөр болохоор байна шүү. Ялангуа сүүлийн хэд хоног иргэдийг турхирч байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хатуу хэлье, яв үз. Монгол шиг жижиг улсад зодоон бидний хүссэнээр эхэлдэг ч бидний хүссэнээр дуусахгүй байх жишээ түүхэнд хангалттай их байдгийг санаж сэрэх цаг ирлээ.
Эх сурвалж: news.mn
1 comment
Хүрэлсүх гэж хөөрүү албан тушаалын донтой нэг насаараа намын байр төрийн ордон хоёроос өөр газар үзээгүй, тэгсэн хэрнээ хөрөнгөжсөн цэргийн бага даргыг албан тушаалтай байлгахын тулд цөөхөн монголчууд алалцаж болохгүй шүү. Залуус аа, ийм хүнийг дагасан хүмүүс олиггүй зам дагана шүү.