Энэтхэгийн далайд оршдог, гадаад ертөнцөөс тусгаарлагдсан арлын хүмүүс Америк жуулчны амийг нум сумаар харваж хөнөөсөн болохыг Энэтхэг улсын цагдаагийн газар өнөөдөр мэдээлжээ.
Уг хэрэг Энэтхэгийн харьяаны Андаманы арлуудын нэгэн дээр болсон байна. Гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлагч овгийнхон амьдардаг умард Сентинел арал руу 27 настай, АНУ-ын иргэн Жон Чау завиар аялж хүрсэн гэнэ.
Ганцаар явсан Чауг аралд хөл тавимагц арлын уугуул иргэд суман мөндөр буулгасан тухай албаныхан мэдээлжээ.
Эдгээр арлуудын олон овгийнхны уламжлалт амьдралын хэв маягийг хадгалж үлдээх, бас халдварт өвчнөөс хамгаалахын тулд гадаад ертөнцтэй харилцахыг нь Энэтхэгийн хуулиар хориглосон байдаг.
Цагдаа нар энэ тохиолдлыг хүн амины хэргээр бүртгэж, арлын долоон хүнийг баривчилсан гэнэ. Жон Чау нь Андаманы арлуудад хэд хэдэн удаа аялж байсан ба сүүлд алслагдсан умард Сентинел аралд хүрэхийн тулд нутгийн загасчдад мөнгө төлж туслуулсан юм байна.
Тэрээр арваннэгдүгээр сарын 14-нд эхний оролдлогоо хийсэн ч амжилтгүй болж, хоёр хоногийн дараа дахин аялаад эрэгт хүрсэн нь энэ ажээ.
Олон суманд оногдсон Чаугийн цогцсыг овгийнхон олсоор чирч явсан ч маргааш өглөө нь эрэг дээр буцааж хаясан байсныг алсаас харсан загасчид гэрчилсэн байна.
Энэтхэгийн далайн гүнд орших Андаманы бүлэг арлуудад нийт 400 орчим овог аж төрөн суудаг. Орон нутгийн эрх баригчид тэдэн рүү гадаад ертөнцөөс хандахыг хориглодог ч авлига авч арлаар аялуулах тохиолдол байдаг гэсэн яриа бий.
Харин алслагдсан умард Сентинел арлын овгууд өөрсдөө ч гадаад ертөнцтэй холбогдох хүсэлгүй, аралд нэвтрэхийг оролдсон хүмүүст дайсагнаж ханддаг ажээ.
Тус аралд оршин суугчдын тоо 150 орчим гэнэ. Тэднийг Африкаас бусад тив рүү тарж нүүдэллэсэн анхны хүмүүсийн мухардаж хоцорсон хэсэг гэж эрдэмтэд үздэг байна.
Эх сурвалж: ikon.mn