Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
АНУ, Хятадын маргаан дэлхийг хувааж магадгүй – updown.mn

АНУ, Хятадын маргаан дэлхийг хувааж магадгүй

АНУ болон БНХАУ хоорондын маргаан даамжирсныг шинжээчид дурдах болсон. Хоёр улсын худалдааны дайны дунд дэлхий орнууд хуваагдаж магадгүй гэх таамгийг зарим ажиглагч дэвшүүлж байна. Энэ удаагийн АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт Бээжин, Вашингтоны маргааныг хурцатгалаа.

АПЕК-ийн уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс нар харилцан бие биенээ шүүмжилсэн билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, тэдний маргааны улмаас АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын нэгдсэн тунхаглалыг батлаагүй юм. Ажиглагчид АНУ болон БНХАУ-д хандаж, худалдааны маргаанаа даруй шийдвэрлэхийг уриаллаа. Учир нь хоёр гүрний хоорондын маргаан олон улсад ихээхэн алдагдал дагуулж болзошгүй хэмээн болгоомжилж байна.

Европын холбооны орнуудын Засгийн газрууд болон Европын парламентын төлөөллөөс бурдсэн өчигдөр яаралтай хуралдсаныг шинжээчид их гурнүүдийн худалдааны маргаантай холбон тайлбарлалаа. Энэ удаад хэлэлцсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хянах хуулийн төсөл нь БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын эсрэг чиглүүлсэн бодлого гэнэ. Бээжингийн хөрөнгө оруулагчидтай холбоотойгоор үндэсний аюулгүй байдал нь эрсдэлд орж магадгүй гэсэн болгоомжлол барууны орнуудад нэмэгдэж байна.

М.ПЕНСИЙН ШҮҮМЖЛЭЛД ХАРИУ ӨГЧЭЭ

Вашингтон дэлхийн зах зээлийг хяналтандаа байлгахыг эрмэлздэг. Ингэхдээ хүч хэрэглэхээс ч буцахгүй байна гэж шинжээчид дүгнэж байна. Хил гаалийн бодлогоор дотоодын зах зээлийг хамгаалахаас татгалзаж, нэг талт аливаа шийдвэр, үйлдлээ таслан зогсоохыг БНХАУ-ын дарга уриаллаа. “Хүйтэн, халуун, худалдааны ямар ч дайн байсан, хэн ч энэ дайнаас хожихгүй” гэдгийг Ши Жиньпин онцолсон юм. Харин Америкийн тал хоёр улс хоорондын худалдааны алдагдалд анхаарал хандуулжээ.

Бээжингийн эрх баригчдыг байр сууриа өөрчлөх хүртэл, Хятад улсаас импортлох 250 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татвараа тэглэхгүй гэдгийг дэд Ерөнхийлөгч М.Пенс онцлон тэмдэглэсэн юм. Тэрбээр Хятадын “Нэг бүс, нэг зам” бодлогыг шүүмжилж” Улс дамнасан дэд бүтцийн төсөл нь Ази, Номхон далайн хөгжиж буй эдийн засагтай улс орнуудад санхүүгийн дарамт учруулдаг. Манай улс Энэтхэг, Номхон далайн бүсийн дэд бүтцийн хөгжилд дэмжлэг үзүүлж, 60 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ.

Харин хязгаарлалт тавьсан “Нэг бүс, нэг зам” бодлогыг хэрэгжүүлэхгүй” хэмээн илтгэлдээ дурджээ. Түүний мэдэгдэлтэй холбогдуулан Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргаж “Энэ бүтээн байгуулалт нь харилцан хүндэтгэсэн, хамтран ажиллаж, хамтдаа хөгжих зарчимтай. Хэрвээ ямар нэг хязгаарлалт байсан бол ийм олон хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх боломжгүй. Зөвхөн нэг талд ашигтай бол 140 гаруй улс орон, олон улсын байгууллага Хятад улстай “Нэг бүс, нэг зам” хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахгүй байсан.

Олон улсын хамтын нийгэмлэг “Нэг бүс, нэг зам” санаачилгыг дуу нэгтэй дэмжсэн. Энэ хүрээнд Хятадтай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засаг, нийгмээ хөгжүүлэхийг улс орнууд зорьж байна” гэжээ. АНУ болон БНХАУ төдийгүй АПЕК-ийн бусад гишүүн орон ч Дэлхийн худалдааны байгууллагын асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн билээ. АПЕК 2020 он гэхэд “нээлттэй, чөлөөт” худалдааны харилцаа бий болгохыг гол зорилгоо болгосон. АПЕК-ийн гишүүн орнууд олон талт худалдааны тогтолцоог дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь Дэлхийн худалдааны байгууллагыг дэмжсэн үйлдэл юм.

ШИ ЖИНЬПИН, Д.ТРАМПЫН УУЛЗАЛТ ИРЭЭДҮЙГ ШИЙДВЭРЛЭХ ҮҮ

Дэлхийн хүчирхэг эдийн засагтай 20 улсын төр, засгийн тэргүүн Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо энэ сарын 30-нд чуулах гэж байна. “Их 20”-ийн бүлгийн уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцохоо мэдэгдсэн ба Хятад улсын даргатай тусгайлан хэлэлцээр хийх юм. Тэдний уулзалт олон улсын анхаарлын төвд байгаа бөгөөд хоёр их гүрний цаашдын харилцааг шийдвэрлэх ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “БНХАУ-тай харилцан ашигтай худалдааны гэрээ хийнэ” гэж мэдэгдсэн.

Тэрбээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийх уулзалтад эртнээс бэлтгэж, гэрээний төсөл боловсруулахыг Цагаан ордны захиргаанд үүрэг болгожээ. Буэнос-Айрес хотод болох хоёр улсын удирдагчийн уулзалтыг “Худалдааны дайн”-ыг эцэслэх бус түр хугацааны шийдэл байх болно гэж шинжээчид үзэж байна. Цагаан ордны Эдийн засгийн ахлах зөвлөх Ларри Кадлоу “Энэ сарын сүүлчээр болох уулзалт амжилттай болсон байлаа ч талуудын хэлэлцээр урт хугацаанд үргэлжилнэ” гэсэн байр суурь илэрхийлжээ. АНУ-ын Худалдааны яамны мэдээлснээр тус улсын БНХАУ-тай хийж буй худалдааны алдагдал энэ оны эхний есөн сард 10 хувиар нэмэгдэж, 301 тэрбум ам.долларт хүрчээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн