УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуваарийн дагуу хуралдлаа. Бүлгийн хурлаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ талаар МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
Засгийн газар өнгөрсөн оны зургаадугаар сард УИХ-д өргөн барьсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж УИХ, Засгийн газар, яам агентлаг зэрэг төрийн төв байгууллагаас гарсан шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй байх хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх юм. МАН-ын бүлгийн зүгээс Засгийн газраас өргөн барьсан Захиргааны ерөнхий хуульд оруулах өөрчлөлт нь хэт өргөн хүрээтэй байна. Тодорхой хязгаартайгаар уг хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзжээ. Ингэхдээ УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу гүйцэтгэсэн Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүхэд хамааруулахгүй байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна. Харин бусад Засгийн газрын шийдвэрүүд болох сайд, яам, агентлаг, орон нутгийн удирдлагатай холбоотой асуудал Захиргааны шүүхэд хамаардаг хэвээрээ байх нь зүйтэй гэж МАН-ын бүлгийн гишүүд үзжээ. Гэхдээ УИХ-ын шийдвэрийг Цэц хэлэлцэх эрхтэй гэсэн тайлбарыг өгч байна.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Та цаашид бүлгийнхээ эв нэгдлийг хангаж ажиллана гэж хэлсэн. Танай намын дотоод уур амьсгал өнөөдөр ямар байна вэ?
-Бүлгийн хурлаар энэ талаар сайтар ярилцлаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ойрын хугацаанд дахин энэ талаар ярилцъя гэж тохирсон байгаа. Бүлгийн даргын хувьд аль болох бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангах, үүсээд байгаа нөхцөл байдалд зөв гарцыг олох чиглэлд анхаарал хандуулж ажиллаж байна.
-Засгийн газрыг огцруулах асуудлаар Д.Хаянхярваа гишүүн гарын үсэг цуглуулж байгаа талаараа мэдэгдсэн. Уг асуудлаар өнөөдөр бүлгийн хурал дээрээ мэдээлэл өгсөн үү?
-Бүлгийн хурлаар энэ асуудал огт хөндөгдөөгүй. Бидний хувьд өнөөдөр нөхцөл байдал хүнд байгаа үед Засгийн газраа огцруулж эмх замбараагүй байдлыг бий болгох шаардлагагүй гэж бодож байна.