Даваа гарагийн өглөө МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын дуулиант мэдээгээр ширүүн эхэлсэн улс төр улирагч долоо хоногийг бараг амраасангүй. МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн цочмог шийдвэрүүд араасаа улс төрийн орчинд урьд өмнө үзэгдээгүй гэнэтийн хэрэг явдлыг дагуулаад байна. Эрх баригч намууд Засгийн газраа дөрвөн жилийн дотор дээд тал нь дөрвөн удаа огцруулсан түүх бий ч УИХ-ын дарга, нийслэлийн Засаг даргаа нэг дор огцруулна хэмээн ханцуй шамласан удаагүй.
Яг одоо ЖДҮХС-гийн зээл, зээл авсан улстөрчдийн жагсаалт Ерөнхий сайдыг суудалд нь хатгасан хадаас шиг зовоож байна. Гэвч тэр энэ зовиураа алгасаад МАН-ын М.Энхболд, С.Батболд, Д.Хаянхярваа нарыг огцруулахаа мэдэгдэж, эхний хүн болох Д.Хаянхярвааг “үдээд” байгаа. Энэ шийдвэр эрх баригч намд үүсээд удсан ч нам дарж дөнгөөд байсан зөрчлийг хурдан хугацаанд сэдрээж орхилоо.
М.Энхболдын бүлэгт хаягласан эл шийдвэр эргээд Засгийн газрыг нь нураан унагах машиныг хурдтай ажиллуулна. Бид чинь парламентын засаглалтай улс орон шүү гэсэн бодол, ийм болгоомжлол Ерөнхий сайдад байгаагүй бололтой юм. Тэр үүнийхээ хариуг МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваагаас дор нь авсан. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар орших уу, огцрох уу гэдэг асуудал үүсчихээд байна.
МАН-ынхан зөрчлөө “хариуцлага тооцох” гэсэн үгний ард нуун далдлахыг хичээж байгаа. Гэвч үүний цаана эрх мэдлийн шунал, ашиг сонирхол бийг одоо яаж ч хичээгээд нуухын аргагүйд хүрчээ. Хурцадмал байдал М.Энхболдын нэр хүндэд ч, У.Хүрэлсүхийн нэр хүндэд ч хумсын чинээ дэм өгсөнгүй. Үүнд илүүтэйгээр У.Хүрэлсүх өртөж, шархадсан баавгай шиг эмзэглэж байна.
Шударга ёсыг сануулж, хариуцлага тооцно гэсэн ч Ерөнхий сайд “ЖДҮ-чин” хоч зүүсэн УИХ-ын гишүүд, сайд нартайгаа хариуцлага ярина гэж ам алдсангүй. Харин ч жинхэнэ ЖДҮ-ийнхэнд очих ёстой зээлийг дээрэмдсэн УИХ-ын гишүүдээ өмгөөлөн, ашиг сонирхлын дүрэмгүй зодоонд “хариуцлага” гэсэн хоосон үг нөмрөөд харайн орсон байгаа.
Энэ нь У.Хүрэлсүхэд сайн юм дагуулсангүй. Үргэлж зөвлүүлж, МАН гэдэг том системээр хамгаалуулж явсан У.Хүрэлсүхэд улс төрийн мэдрэмж бараг үгүй. Тэр дандаа арын фронтод явсан гэдгийг илчилж орхив.
Танхимын нэрийг доош чангааж, оноо алдуулж байгаа сайд нар дээрээ нэмээд Ерөнхий сайд ахин нэг хүнийг танхимдаа оруулж ирэхээр бэлдсэн. Энэ нь ЖДҮ-ийн мөнгийг найрын хишиг шиг тараасан Б.Батзоригийн оронд томилогдохоор болсон урваж шарвадаг гэсэн муу тодорхойлолттой, хэт хуучинсаг Ч.Улаан. Энэ сонголт сайны дохио биш гэдгийг Бямба гарагт болсон УИХ-ын чуулган цухасхан харуулаад авлаа.
Эрх баригчдын хөл толгойгоо алдан эвдрэлцэж буй Төрийн ордны гадаа Лхагва гарагт (2018.11.14) “Нэхүүл” нэртэй хөдөлгөөнийхөн жагсаал хийж, суулт зарлав. Жагсаалын толгой болж, өнгөлөн гарч ирсэн залуус онцын сонин үзэгдэл байлаа. Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын хүмүүс. Хамт фитнесээр хичээллэж, төмөр өргөн, ууланд алхдаг нэг багийнхан байв. Өмнөх өдөр нь Төрийн ордонд Ерөнхий сайдтай уулзаад “сумны ир, сэлэмний жад” болно гэж хэлээд гарсан тэдний талаар хэвлэлүүд хангалттай дамжуулсан.
ЖДҮ-гийн 65 тэрбумыг зээлэгсдийн дийлэнх нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдоход кноп дарсан УИХ-ын гишүүд. Гэтэл “Нэхүүл”-ийн залуус гартаа тэдний зургийг атгаастай…
Тэр дунд Ерөнхий сайдын түшиг болж яваа, намын Ерөнхий нарийн бичгийн даргын ЖДҮХС-гаас авсан зээлийн хэмжээг зарласан, Д.Амарбаясгалангийн хөрөг бүхий эсэргүүцэл явж байх жишээтэй. Энэ бол мэдрэмжтэй улстөрчийн хийх зүйл огт биш. Хувь заяаны шоглоом гэмээр ч юм уу, Ерөнхий сайд жагсаал цуглааны асуудлыг хэн нэгэнд итгэл өгч, даатгаад алдаа гаргасан гэж дүгнэхээр харагдаж байлаа.
Долоо хоногийн сүүлээр Прокурорын байгууллага УИХ-д ЖДҮХС-гаас зээл авсан хэд хэдэн гишүүнийг эргүүлэн татах бичиг өгч магадгүй гэсэн мэдээ дуулдав. Нөхцөл байдал эвгүйдэж буйг ойлгосон У.Хүрэлсүх буулт хийж, нам дотроо ойлголцолд хүрэх оролдлогыг эхлүүлсэн гэх мэдээ ч байна. Пүрэв болон баасан гарагт улс төр бага зэрэг намдсан нь үүнтэй холбоотой бололтой.
Гэхдээ У.Хүрэлсүх нам жим болсон нь сайны дохио биш. Хурц хүний түр зуурын амсхийлт, нам гүм байдлын ард М.Энхболдын фракцын эсэргүүцэлд чимээгүй төгсгөл тавих санаа нуугдаж байж болзошгүй. Өнгөрсөн намар Хотын МАН-ын даргын суудлыг дуулиан тарилгүй Д.Сумъяабазарт авч өгсөнтэй дүйх тусгай ажиллагаа нуугдаж байж мэднэ гэсэн таамаг ч бас байна.
Засгийн газрыг огцруулах бичигт УИХ-ын гишүүд гарын үсэг зурсаар байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг 50:50 хувьд тэнцүү хуваагдсан ч АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Бямба гарагт хуралдсан УИХ-ын чуулган дээр ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилох асуудал хэлэлцэгдсэн. Гэхдээ энэ чуулганд Ерөнхий сайд “нуруу гэмтсэн” гэдэг шалтгаанаар суусангүй. АН-ын бүлэг шинэ сайдын асуудлыг заавал Ерөнхий сайдтай хэлэлцэнэ гээд завсарлага авсан байгаа. Шинэ сайдыг Байнгын хороодоор хэлэлцэхэд юм хэлээгүй дэмжсэн хэрнээ АН-ын бүлэг яагаад УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайдыг отов гэдэг бас нэг асуулт ургаж байгаа биз.
Улс төрийн өрнөл, үймээн хоёрт Ерөнхийлөгчийн хориг ч мөн өөрийн гэсэн хувь нэмрээ өргөж байна. Бямба гарагт “2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тавьсан энэ хоригийг Ерөнхий сайд хүлээж авна гэж Ерөнхийлөгчтэй уулзахдаа хэлсэн. Гэтэл МАН-ын бүлэг эсэргүүцээд байна” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дамжуулсан байгаа. Энэхүү ховын чанартай үг одоо МАН-ын бүлэг дунд хар муур гүйсэнтэй дүйх хэмжээний нөлөө үзүүлж байна.
Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ гэж мэдэгдсэн нь үнэн бол УИХ дотор намын даргаа эсэргүүцсэн давалгаа дахин үүснэ гэсэн үг. Эдгээр үйл явдлууд энэ долоо хоногт Засгийн газрыг тал талаас нь мэрэх зажлуур болж өгөх нь тодорхой болов.
Ирэх өдрүүдэд улс төрд өрнөх олон үйл явдлаас хамгийн их анхаарал татаж байгаа нь УИХ-ын дарга М.Энхболд, С.Батболдынхоо хамт огцрох уу, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө Төрийн ордны хаалгыг түрүүлж хаах уу гэдэг асуудал. Сөрөг хүчний Ерөнхийлөгчийг дэмжих нь улам бүр тодорч харагдах Ерөнхий сайдаа эвгүйхэн хөдөлбөл М.Энхболдын фракц өрсөн огцруулах бэлтгэлээ ч хийчихсэн байгаа болов уу.
У.Хүрэлсүх М.Энхболдын фракцын хилэнг намжаах нь ашигтай гэж үзвэл Я.Содбаатар, Н.Цэрэнбат гэсэн хоёр сайдыг огцруулж, Засгийн газраа тогтоон үлдээхийг хичээх байх. Гэсэн ч У.Хүрэлсүхийн Засгийн газар оршин тогтноход хүнд болов. Болж өнгөрсөн бүх үйл явдал У.Хүрэлсүхийн Засгийн газар нэгэнт хүлээн зөвшөөрөгдөх чанар, хүлээн зөвшөөрөгдөх чадамжаа алдчихсан гэдгийг харуулаад байна.
Эх сурвалж: ikon.mn
1 comment
ЭЦСЭЭ ХYРТЭЛ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ АРГА БАРАГДЛАА ГЭЖ YЗВЭЛ ХАМГИЙН СYYЛД НЬ ЕЕРЕЕ ОРДНООС ГАРААРАЙ!!! ГАРАХГУЙ БАЙВАЛ БYР САЙН