Иргэний нисэхийн ерөнхий газар болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хамтарсан “ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ҮНДЭСНИЙ БАРИМТ БИЧИГ” буюу “Risk Context Statement Writing” сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Семинарыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн зохицуулагч, зөвлөх ноён Kyal Barter болон төслийн багш-зааварлагч ноён Piengtep Yapan нар удирдсан юм.
Монгол Улсын Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Нарийн бичгийн даргын ажлын албаны гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцсон тус семинар нь нисэхийн аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, ойлгох, ИКАО-ийн аргачлалыг ашиглан эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулахтай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны талаар зохих мэдлэг хуримтлуулж, олон улсын туршлагаас суралцсан ач холбогдолтой болж чаджээ.
Цаашид иргэний нисэхийн аюулгүй байдлын эрсдэлтэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Үндэсний баримт бичиг”-тэй болохыг зорьж буй ажилд энэхүү сургалт, Монгол Улсын хүчний байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой байх болно гэдгийг Нисэх буудлуудын удирдах гадрын дарга Д.Эрдэнэбаатар семинарт оролцогчдод сертификат гардуулах үеэр онцлон хэллээ.
Нисэхийн аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлийг бууруулахтай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахад хамтран ажилладаг хүчний байгууллагуудын хүчин туслалцаа хамгийн чухал болохыг сургалтын явцад харагдаж байсан. Иргэний нисэхийн ерөнхий газар нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын Нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр /CASP-AP/-өөс зохион байгуулах дараа дараагийн сургалт, семинар, бусад арга хэмжээнүүдэд иргэний нисэхийн болон хамтын ажиллагаатай байгууллагын төлөөллүүдийг улам идэвхитэй оролцуулж, тэдний мэдлэгийг дээшлүүлж байхаар төлөвлөж байгаа юм.
Семинарыг удирдаж ажилласан Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн зохицуулагч, зөвлөх ноён Kyal Barter, төслийн багш-зааварлагч ноён Piengtep Yapan нар мөн Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудалд ажиллалаа. Тэд шинэ нисэх буудалд нисэхийн аюулгүй байдлыг хангаж ажиллах хамтын ажиллагаатай байгууллагуудын ажлын төлөвлөгөө, тоног төхөөрөмжтэй танилцаж заавар, зөвлөмж өглөө.
Эх сурвалж: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР