ZINDAA.MN сайт видео, текст хосолсон шинэ контентыг уншигчдадаа хүргэж эхэллээ. Анхны зочноор Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. Учир нь, УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж, их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдож, АТГ-т шалгагдаж эхэлсэн нь одоо ч улс төрийн халуун сэдэв хэвээр байна.
Энэхүү асуудлаас үүдэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх зээл авсан гишүүд, сайд нарыг зээлээ эргэн төлж, иргэдээс уучлалт хүсч, улс төрийн хариуцлагаа хүлээхийг үүрэгдсэн юм. Харин олон нийт болон зарим улстөрчийн зүгээс Засгийн газрыг огцруулахыг шаардаж байгаа билээ. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
-Төрийн эрхийг барьж байгаа МАН-ын дотоод хагарал чинээндээ тулж, тогооноосоо хальсан нь ил боллоо. Улмаар МАН-ын зарим гишүүн өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагахаар гарын үсэг цуглуулж эхлээд байна. Сөрөг хүчин болох АН-ын бүлэг ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагахад хүч нэмж, нэгдэхээ илэрхийллээ. Хэрэв өнөөгийн Засгийн газрыг огцруулах аваас нийгэмд болон төрд ямар сөрөг үр дагавар гарахын тааж, төсөөлөхөд бэрх. Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж, Засгийн газрыг хүртэл тэргүүлж явсан хүний хувьд Та улс төрд өрнөж байгаа энэхүү үйл явдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-УИХ дахь АН-ын бүлэг шийдвэрээ гаргасан байна билээ. Тэд өчигдөрхөн эргэлзэж, тээнэгэлзэж байсан бол өнөөдөр шийдвэрээ гаргасан байна. Үүнийг төрд байгаа сөрөг хүчний байр суурь, өрсөлдөгчийнхөө алдаа гаргах тусам түүнд нь дөрөөлдөг зарчим талаас нь бодвол жам ёсных л доо. АН-ынхан сөрөг хүчин гэдэг утгаараа эрх баригч намынхан огцорч, олон түмний нүдэнд жаахан ч гэсэн эвгүй харагдаж байвал бидэнд сайн гэсэн утгаар л хандана. Энэ бол улс төрийн бугшмал, хуучин номлол юм.
-Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөлд Засгийн газрыг унагах нь сайн үр дагавар авч ирэхгүй гэсэн үг үү?
-Улс орны эдийн засаг хүндхэн бэрхшээлтэй байгаа үед Засгийн газар солигдох нь нийгмийн амьдралд сайнаар нөлөөлөхгүй. Хамгийн наад зах нь, төсвөө ч баталж чадаагүй байна. Эдийн засаг цаашид ямар зам, загвараар явах нь тодорхойгүй байна. Энэ үед нь төр, засгийг унагах нь намуудын тэмцэл талаас байж болох ч улс, эх орны эрх ашиг талаасаа явуургүй зүйл гэж харагдаад байгаа юм. Хамгийн бодууштай зүйл нь МАН дотор эрүүлжих санаачилга гаргаад хөдөлгөөнд орж эхэлмэгц түүнийг дарахад чиглэж, Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа хүмүүс, АН-ынхны хувьд ч гэсэн ухралтын алхам л даа. Үнэхээр байж болохгүй зүйл л гэж бодож байна.
-У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ АЛДАА, ОНОО БИЙ-
-Ер нь, өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг хэр ажилласан гэж дүгнэх вэ?
-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувьд хийж байгаа зүйл бий. Алдаа ч байгаа л байх. Хамгийн гол нь, олон арван жил ярьж байсан өөрсдийнхөө газрын тосыг боловсруулах, эдийн засгийг тусгаар тогтнол, бүрэн эрхийг хамгаалах санаачилга хэрэгжиж эхэлмэгц хажуугаар нь ийм явуулга явж байгаа нь олхиогүй л харагдах юм. Бид юмыг тийм ч амархан мартдаггүй үндэстэн. Өнгөрсөн сонгуулийн өмнөхөн Бор-Өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр барина гээд л Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа газар дээр нь очиж бөөн шуугиан дэгдээж байлаа. Одоо Дорноговьд барьж байна.
Хэрэв Засгийн газар огцрох юм бол дахиад л газрын тосны үйлдвэрийн асуудал зогсонги байдалд орох аюул бий. Миний бодоход ямар ч байсан У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийж, бүтээхээр эхлүүлсэн ажил дээр нь өөрсдийг нь ажиллуулж, цааш нь явуулбал ашигтай байх л гэж бодож байна даа.
-Та сая хэллээ. Бид юмыг тийм амархан мартдаг улс биш гэж. Хэдийгээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэр бүхий гишүүд, сайд нар өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан гэх зэрэг үндэслэлээр Засгийн газрыг огцруулах асуудлыг сөхөж байгаа ч цаана нь авлига, албан тушаал болон эдийн засгийн том гэмт хэргүүдийг завхруулах, мартуулах оролдлого явж байна гэж харж ч болохоор байна. Тухайлбал, таван тэрбум ам.долларын хууль бус зарцуулалт бол Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгөтэй харьцуулахад маш том асуудал шүү дээ?
-Тийм. Тэрнээс гадна манай улс чинь ганц сантай биш. Бүхэл бүтэн 27 сантай. Өнөөдөр зөвхөн ганц санд үүссэн будлианаар л шуугиж байна. Бусдыг нь шалгаад ирэхээр юу ч гарах юм билээ. Миний бодоход нэлээд их, илүү будлиан гарах магадлалтай. Одоо тэр “Чингис”, “Самурай” бондын болон Хөгжлийн банкны асуудал байна. Түүнээс гадна өнөөдөр нэг нааштай мэдээлэл сонсогдож эхэллээ.
-Ямар мэдээлэл билээ?
-Прокурорын байгууллагаас дуулиан тарьсан том хэргүүдийг шалгах нэгдсэн Ажлын хэсэг гаргасан байна. Нийт 22 мөрдөгч оролцож байгаа юм шиг байна билээ. Тэд мэргэжлийн түвшинд ажиллах юм бол олон түмний хүсч хүлээсэн асуудалд хариултыг нь олж өгч чадах байх гэж найдаж байна. Гагцхүү мэргэжлийн түвшинд ажиллах юм бол шүү дээ. Тэгэхгүйгээр шалгалт хийх гэж байгаа нөхдүүд нь худалдагдах аваас бүр доошоогоо л явна. Гэхдээ прокурорын байгууллыг эрх биш нааштай алхам хийхээр зориг гаргаж байна уу даа гэж харж сууна.
-ПАРЛАМЕНТ ТЭР ЧИГЭЭРЭЭ АВЛИГАД ХӨТЛӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ-
-За яах вэ, Засгийн газрыг огцруулахгүй үлдээлээ гэж бодоход магадгүй дараагийн ээлжит “шантааж” нь Ерөнхийлөгчийн хориг байхыг үгүйсгэхгүй. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа шүү дээ. Үнэхээр ирэх оны төсвийг бүхэлд нь хориг тавих хэмжээний муу төсөөлж, оруулж ирсэн гэж үү? Таны хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь 11.2 их наяд төгрөгийн зардал гэдэг бол хэт их төсөв л дөө. Үүнд хасч болох зүйл бий юу гэвэл зөндөө. Тухайн үедээ УИХ-ын дарга нь хүртэл 10 хувь хасна гэж ярьж байсан. Тэр хэмжээгээр хасч оруулж ирлээ. УИХ-ын 76 гишүүнд тус бүрт нь найман тэрбум төгрөг хуваариллаа. Энэ чинь орон нутгийн нийгэм, хөгжлийн асуудлыг хууль ёсоороо Засаг дарга, тэрүүлэгчид нь шийдэж байхад УИХ-ын гишүүд нь мөнгө барьж гүйнэ гэдэг нь байж болохгүй зүйл. Нөгөө талдаа одоогийн УИХ-ын гишүүд мөнгө барьж зарцуулснаараа дараагийн сонгуульд өрсөлдөгчдийнхөө өмнө давуу байдлыг олж авна. Энэ талаас нь харах юм бол шууд авлига. Парламент тэр чигээрээ авлигад хөтлөгдөж эхэллээ гэсэн үг л дээ. Ийм нөхцөлд Ерөнхийлөгч хориг тавилаа.
-Зээл авахад нэр холбогдсон гишүүд, сайд нар ард түмнээсээ уучлалт гуйж, зээлсэн мөнгөө төлөөд л асуудлын намжааж өнгөрүүлэх сонирхолтой байна. Улс төрийн хүрээнд яг ийм үйл явдал өрнөж байна. Гэтэл олон нийт тэгж бодохгүй байна л даа?
-Зуршил болчихсон зүйл л дээ. С.Баярцогт далд данстай байж байгаад л өөрөө УИХ-ын дэд даргын суудлаасаа бууж, гишүүн хэвээрээ үлдэх шийдвэрийг гаргасан. Парламентын гишүүн хүн төрийн сангаас хумсалдаг, далд данстай байж болохгүй л дээ. Тийм хариуцлагын шалгуур алга. Одоо уучлалт гуйж байгаа хүмүүс янз бүрээр л хандаж байна. Зарим нь сайдаасаа огцроод гишүүнээрээ үлдэж, уучлалт гуйж байна. Зарим нь мөнгөө буцааж хийгээд уучлалт гуйя гэж байх шиг байна.
-Тэгвэл таны бодлоор одоо яг яах ёстой юм бол оо?
-Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг эцэслэж, зөв шийдэх хэрэгтэй. Одоогийн төсөл бол биш. Төрийн эрх мэдлийг ард түмэндээ өгч, парламент нь ард түмний хяналтад байх боломжийг хангах хэрэгтэй. Хоёрдугаарт, Улс төрийн намуудын тухай хууль байна. Энэ болж бүтэхгүй нөхөд бүгд л намаар дамжиж, төрд зүтгээд байгаа шүү дээ. Нам нь энэ болохгүй нөхдийг тэжээдэг, үржүүлдэг бохирын сав болчихоод байна. Энэ бохирын савыг цэвэрлэж, угаагаагүй цагт боломжгүй. Үзэлгүй үндэстэн оршин тогтнож чадахгүй. Улс, үндэстний оршин тогтнох үндэс нь өөрийн гэсэн үзэл баримтлал. Оршихуйн үзэл хэрэгтэй. Улс төрийн зөв нам бол энэ оршихуйн үзлийг өөртөө тээгээд дэлхий ертөнц урваж, хөрвөж байхад улсынхаа эрх ашгийг хамгаалах зам мөрийг олсон байх хэрэгтэй. Ийм намууд Монголд хэрэгтэй байна. Ийм намуудыг төлөвшүүлэх хууль нь ч хэрэгтэй байна.
-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ ГЭХ АЙХТАР ХОЁР БҮТЭЭЛ ТАВЬЧИХААД ИРГЭДИЙГ МУНХРУУЛЖ БАЙНА-
-Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг хөндлөө. Энд нэг зүйл яригддаг, олон нийт ч маргадаг. Энэ бол парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжих санал, асуудал. Таны бодлоор Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал хэр зохимжтой юм бэ?
-Энэ бол мунхруулга л даа. Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гэдэг хоёр айхтар бүтээл тавьчихаад иргэдийг мунхруулаад байгаа юм. Монголд түрэмгий харгис амьтан олж ирээд “Чи миний боол болох уу, толгойг чинь авах уу” гэдэг зүйл л яриад байна шүү дээ. Эсвэл “Чамайг толгойноос чинь эхэлж идэх үү, хөлнөөс чинь эхэлж идэх үү” гэж асуугаад байгаа юм. Парламентын засаглал тунгалаг, сайхан гэж ярьж байна. Бид Ерөнхий сайдад эрх мэдлийг нь өгөөд түүнийгээ гадны баячуудын гал тогооноос сонгож үзсэн шүү дээ.
Дахиад өгнө гэдэг нь одоо Монголд байгаа үндэстэн дамжсан компани, энэ олигархуудын гарт л Монгол төрийг тавганд тавиад өглөө гэсэн үг л дээ. Одоогийн дэлхий ертөнцийн яриад байгаа ардчилсан төрийн тогтолцоо бол 1789 оны Францын хувьсгалаас үүссэн байдаг. Гэтэл Францын тогтолцоог өнөөдөр Ерөнхийлөгчийн гэх үү, парламентын засаглал гэх үү. Тэрнээс хойш 200 гаруй жил явж байгаа тогтолцоогоо Франц улс дэлхийн тавцанд аваад л явж байна шүү дээ. Улс, орон бүхэн өөрийн орчин нөхцөл, өв уламжлал, үнэт зүйлд тулгуурласан төрийн тогтолцоотой байдаг. Монголын төрийн тогтолцоо бол Чингисийн төрийн тогтолцоо.
Чингисийн үеэс эхэлсэн төрт ёсны улбааг хадгалж байна. Тэр төрт ёсны улбаа өнөөдөр ОХУ, БНХАУ-д ч байна. Монголд л үгүйсгээд сууж байна шүү дээ. Үүнийгээ эргэж харах ёстой байх л даа. Тиймээс Үндсэн хуулийн асуудалд туйлшрахгүй байх нь зөв. Өнөөдөр манайхан эсвэл парламент, эсвэл Ерөнхийлөгчийн засаглал гэж ярьж байгаа нь ард түмнийг мунхруулаад аль ч шийдвэр гарахад Монголын төр гадны нөхдийн эдийн засгийн алуурчдын таваг дээр тавьж өгөх хоол л болох байх. Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн хүмүүс ч Ерөнхий сайдад эрх мэдлээ өгье гэж зүтгээд л анх энэхүү төслөө хийсэн шүү дээ. Гагцхүү тэр хийсэн хүмүүс нь байхгүй болчихоод сөрөг хүчнийхэн нь түүнийг нь барьж гүйж байгаа нь эмгэнэл л дээ.
-ЕРӨНХИЙ САЙД ӨӨРӨӨ “СЭЛМЭЭ” ГАРГАХ ХЭРЭГТЭЙ-
-УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэн батлах асуудлын дараалалд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан. Үнэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон уу. Эрх баригчдыг хэр сайн төсөл боловсруулсан гэж бодож байна вэ?
-Үндсэн хуулийг санаачлах эрхтэй гурван субъект бий. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Засгийн газар, парламент. Гэтэл одоогийн Засгийн газар, 69 гишүүн гарын үсгээ зурсан гэж байна. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлт бол УИХ-ын төсөл. Монгол төрийн тэргүүн үгээ хэлээгүй байна. Засгийн газар үгээ хэлээгүй байна. Миний бодоход Монгол төрийн тэргүүн улс, орныхоо хувь заяаг хариуцах хариуцлагын түвшинд Үндсэн хуулийн өөрчлөлтөө өөрөө барьж авах ёстой. Өөрөө толгойлох ёстой.
Дээр нь, ганцхан парламентад суудалтай хоёрхон нам биш гадна байгаа улс төрийн хүчин, олон нийтийн байгууллагын төлөөлийг оруулах ёстой. Ингэж төслөө гаргаж, ард түмэнд хэлэлцүүлэх шаардлагатай. Үндсэн хуулийг парламентаар батлахгүй. Үндсэн хууль бол төр, иргэд хоёрын хооронд байгуулсан гэрээ. Тиймээс бүх ард түмний санал асуулга явуулж, олонхийн саналаар шийдэх юм бол зөв болно. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч л гартаа авах ёстой юм. Хоёрдугаарт, Улс төрийн намуудын тухай хууль байна.
Аль ч нам нь хуулиа өөрчлөх төсөл хийхгүй. Яагаад гэвэл нэгэнт олигархиудад толгойгоо мэдүүлсэн улс төрийн хүчнүүд намуудын хуулийг эрүүлээр сэтгэж чадахгүй. Үүнийг Ерөнхийлөгч л сэтгэх ёстой. Ерөнхийлөгчийг үндэстний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг. Үнэхээр үндэстний эв нэгдлийг илэрхийлэгч л юм бол тэр улс төрийн намуудаа цуглуулаад алдаа, оноогоо үнэлж цэгнээд хуулиа гаргаж ирэх л хэрэгтэй байгаа юм. Гэхдээ цаг алдсан. Гэсэн ч хугацаа бас байна. Хийе гэвэл амжина.
-Ингэхэд саяхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцохдоо өөрийгөө шүдгүй арслан гэж тодорхойлсон. Та сонссон л байх, ямар сэтгэгдэл төрж байв даа?
-Өөрийгөө тэгж бодсон бол юу гэж ч хэлэх вэ дээ. Харин Ерөнхий сайд шүдтэй байх ёстой юу гэвэл шүдтэй байх ёстой. Би нэг зүйлийг хараад гайхах юм. УИХ-д МАН-ын 65 хүн сууж байна. Гэтэл МАН-ын хүн Засгийн газраа унагахаар гарын үсэг цуглуулаад гүйж явна.
-Та УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан, УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг хэлж байна уу?
-Тийм ээ, тэр хүнийг чинь маргааш нь шууд намын гишүүнчлэлээсээ хасчих хэрэгтэй шүү дээ. Үнэхээр нам өөрөө нэг бодлого, нэгдмэл байх юм бол шүү. Тэгэхээр энэ асуудал аяндаа шийдэгдэнэ. Намын гишүүн биш, бүлгээс гарсан ганц хүн тэр бичгээ бариад гүйг л дээ, гүйж л яваг. Ерөнхий сайд маань өөрөө “сэлмээ” гаргах хэрэгтэй. Дан ганц сүх бариад явж болохгүй. Хааяа сэлэм, нум сум бариад явах хэрэгтэй байх л даа.
-ЗЭЭЛ АВСАН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЭНД Ч АЛБАН ТУШААЛТАЙГАА ЗУУРАЛДАХ ЭРХ БАЙХГҮЙ-
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг “хумсалсан” гэх хэргийг намжаахын тулд сайд асан Б.Батзоригоороо туг тахичих шиг боллоо. Гэтэл цаана нь зээл авсан хэрэгт нэр холбогдсон Я.Содбаатар сайд бий. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар алхам хийх ёстой вэ?
-Эхлээд Ерөнхий сайд эргэлзээтэй алхам хийсэн. Нэр холбогдсон хүмүүсийг зээлээ төлж, уучлалт гуйгаагүй тохиолдолд нэр дэвшүүлэхгүй ч гэнэ үү. Нэр дэвшихийг нь хүлээх, дараа нь нэр дэвшүүлэх юм байна гэх сэтгэгдэл төрөөд байлаа. Гэтэл саяхнаас дуу хоолой нь жаахан чангараад нэр холбогдсон хүмүүсийг уучлахгүй гэлээ. Үүнд ямар нэгэн ухралт байж болохгүй. Зарчмын асуудал тавигдаж байгаа нөхцөлд хэнд ч албан тушаалтайгаа зууралдах эрх байхгүй. Тэр гишүүд, сайд нар нь өөрсдөө зайлаад өгөх хэрэгтэй шүү дээ. Ингэвэл тэр хүний болон төрийн нэр ч гутахгүй. Нийгэм ч хохирохгүй.
-УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох гэж байна. Түүнийг сайдаар томилох асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Харин таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Би Ч.Улааныг эртнээс мэднэ. Эрдэмтэн хүн л дээ. Төрд ажилласан туршлага, хандлагын хувьд нэлээд тодрох хүн байх гэж боддог. Мэдээж алдаа байгаа л байх. Гэхдээ энэ хүн одоогийн нөхцөлд сайдын ажлыг сайн хийгээд аваад явчихна. Харин Сангийн сайдаараа тавьчих нь яагаа вэ л гэж харж сууна. Гэтэл Сангийн сайд чинь тэр 56 тэрбум төгрөгөө өвөр дээрээ тавьчихаад тойрог руугаа чирээд явж байх жишээтэй. Янз бүрийн хэрэгт нүдний өмнө холбогдлоо л доо. Тэрний хажууд Ч.Улаан ч гайгүй л дээ.
-ТӨРИЙН АЛБЫГ МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВАХ АЛХАМ ХИЙСЭН БОЛ УИХ-ЫН ДАРГА БАЙТУГАЙ ОГЦРОХ ЁСТОЙ-
-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлж, хариуцлага тооцох асуудлыг хөндсөн. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл бий юу?
-Ингэхэд манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Хугацаа нь дуусах дөхөж байх шиг байна. Гэхдээ ОУВС-гаас орж ирсэн мөнгөөр бондын өрийг төлж байгаа нь хэр зөв юм бэ?
-Эмгэнэлтэй асуудал наадах чинь л байна. Өрийг өрөөр дарж байна. Үүнийг өрийн нүхэнд уналаа, өрийн эргүүлэгт орлоо ч гэж ярьдаг. Үндэснийхээ эдийн засгийг хөгжүүлж, орлогоо нэмж, импортын зардлаа нэмж өрөө дарах ёстой.
Гэтэл зээл авч өрөө дарж байна шүү дээ. ОУВС-гийн зээлийн хувьд хүү бага, хугацаа нь урт байдгаараа онцлогтой. Одоогоор явж л байх шиг байна. Энэ чинь ганц Засгийн газар биш. Монголын эдийн засгийг 2006 оноос хойш үе, үеийн Засгийн газар, УИХ хорлож чадах бүхнээрээ хорлосон. Сая 2016 онд бүр хэвттэл нь хорлосон. Одоо тэрнээсээ өндийх санаатай явж л байна. Өндийж чадах юм уу, мэдэхгүй. Гэхдээ одоогийн парламент эдийн засгийн бодлогодоо ямар ч нааштай том алхам хийж чадсангүй. Татвар, зээл хүүгийн бодлого нь хэвээрээ л байна. Банкууд нь эдийн засгийнхаа цусыг сордог системтэй байгаа цагт хэзээ ч өөдлөхгүй.
-Олон нийтийн дунд Улсын Дээд шүүх болон Үндсэн хуулийн Цэц хоёртой холбоотой маргаан байдаг. Ихэвчлэн энэ хоёрын гаргасан шийдвэрүүд нь зөрдөг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох байсан нөхөн сонгуулийн асуудал байна. Одоо яах нь мэдэгдэхгүй чимээгүй болчихлоо шүү дээ?
-Үндсэн хуулийн Цэц нь улс төрийн нөлөөнд автаад байна гэдэг нь олон асуудал дээр харагдаж байна. Зарчмын байр сууриндаа байж чаддаггүй. Нэг нам нь давамгайлаад ирэхээр тэднийг дагасан шийдвэрийг гаргадаг. Уул уурхайн асуудал байна. Яаж заваарч, завхарч Оюутолгойг өдий байдалд хүргэлээ. Энэ чинь Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой шүү дээ. Улсын Дээд шүүхийн хувьд Монголын шүүх систем бүхэлдээ нурсан. Яах вэ, эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн хэргийг шийдэхдээ мэргэжлийн байх шиг байгаа юм.
Гэтэл эдийн засаг, улс төрийн авлигын гэмт хэргийг шийдэхдээ тэр дундаа өөрөө хутгалдаж, орооцолдож явна. Ингээд ирэхээрээ асуудлыг улам л ээдрээтэй, олхиогүй л болгож байна. Гурван шатны шүүх “Эрдэнэт”-ийн асуудал дээр яаж будилж байгааг бид харж л байна. Энэ чинь зүгээр л нийгмийн өмчийг хулхидаж авах гэсэн арга. Үүнийг шийдэж чадахгүй өдийг хүрчлээ. Цаад талд нь олон л асуудал байдаг биз. Ер нь, шүүх тогтолцоо бол Монголын хамгийн эмзэг, хоцрогдсон арчаагүй болоод байна л даа.
-УИХ-ын гишүүдийн ирцийн асуудал их хөндөгддөг. УИХ-ын Дэгийн тухай хуулиар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гишүүдийн ирцийг хурууны хээгээр нь бүртгэдэг болно. Энэ хэр зөв алхам юм бэ?
-Сонин л доо. Манайхан хууль батлахдаа хулгайч шиг товч дардаг. Тэгээд болоогүй хүний өмнөөс дарна. Тэрнээсээ л гарах арга юм даа. Миний бодоход хулгайчид хөтлөгдсөн нэг арга л даа.
ЯРИЛЦСАН: М.БАТХИШИГ, Б.ТӨРБАТ
ЗУРАГЛААЧ: М.ТЭНҮҮН WWW.ZINDAA.MN
4 comments
AN-n ene zabaan ebgen zailaa.chi hulgai hiisen zuilee butsaaj egeh heregtei.baga ch eh ornii moni er daragdana.2 uzuurtei zuu shig.alai salabdai tsarialaad.eruul ebchtei medegdehgui sonin sonin yum uarih yum aa chi.ahmaduud bid niilj suugaad chinii talaar sanal soliltsloo.chi edii olon jil ter tushiltseed yu hiib ee.
Хүрэлсүхийн засгийн газрыг унгах шаардлага байхгүй Ашиг сонирхолын зөрчил гаргах гүйгээр өндөр ёс суртахуунтай байх ёстой Хэрвээ өргөсөн тангараг зөрчсөн бол өөрөө сайн дураараа огцорч явах хэрэгтэй шүү дээ Албан тушаалтайгаа зууралдаж өс хонзон авах ёсгүй шүү дээ Эдгээр хүмүүс хувийн эрх ашигаа дээгүүрт тавьж ард түмнээ хоосруулж ядуу байдалд оруулчихаад яаж засаг төрөө унагана гэж ярьж чадаж бна Ичих нүүргүй болсон бна
өвгөн угаасаа л зөнөж дээ,алтан цөгцны талаар асуу даа ,Дожоог дагуулцан урд уул руу явж байсан түүхийг нь Парик Жагаа гоё хэлсэн байсан
Minguujaan tegvel eronhiilogch uil ajillagaa,huuli bus uildliig yaaj zov golidrold ni bugshsan yaaj arilgah arga zam gatsiin talaar uls ornoo toiron irgedteigee uulzahdaa negch ug gan hiisengui orond ih hurliig taraah heregtei ingehiin tuld tsongog ta bugdiin huch heregtei geed yariad yavah yu. Sayahan neg yariltslagadaa onoo l bahi baidag zuilee yaringaa bolohgui bol bi osoglon zarlah uu geed avah yum Ta uuniig zui esnii asuudal gej bodoj bainaa daa. Getel zarchim yarij baigaa hunii ugiig esergeer sorgoj baigaa huniig zovtgoj, buhimdsandaa Hayanhirvaagiin helsen ugiig mon ch sain olgoj avaad namaas ni hoolgochih bololtoi. Zovhon ene ug uildleer tani MAN-iig haglan butgah tald uilchilsen gej helj boloh uu!?