“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б нь 2015-2016 онуудад албаны эрх ашгийг урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын яамны сайдаар 2015-2016 онд ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нь тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б-тэй бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улмаар улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцэж, нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Сайд асан З.Баянсэлэнгэд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 9 600 000 төгрөгийн торгууль оногдуулжээ. Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцсон юм.
“Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Гантулга нь 2013-2016 онуудад “ОССК”-ийн дүрмээр олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэргийг мөн шалгаж байгаа. ТУЗ-өөс гэрээ байгуулах эрх олгоогүй байхад “Бэрэн групп” ХХК, “Могул скай” ХХК -д илт давуу байдал олгосон. Түүнчлэн бусдыг залилах замаар өрөө барагдуулсан гээд түүний үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэгдэж буй үлэмж их хэмжээний хохиролтой хэргийг сөхвөл олон асуудал бий. Түүний “хам хэрэгтнээр” ТОСК-ийн дэд захирал асан, Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга асан, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал, “Могул скай” ХХК-ийн захирал нарыг буруутгасан юм. Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Харин үүнийг нь прокурор эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг ч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Одоо хэргийг дахин шалгаж байна.
Харин ТОСК-ын Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга нарын хэргийг тусгаарлан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцээд, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаажээ. Одоо мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа юм байна.
1 comment
10000 төгрөгт хэдэн жилийн ял өгөөд л байдын бн лээ. Хэдэн зуун саяд яахаараа ч 1 хувьд нь хүрэхгүй торгууль ногдуулаад л өнгөрчдийн. Тоскын дарга нь ч гэсэн тэрбумаар нь идчихээд 1 хувийн торгууль сонсоод өнгөрвөл гайхах хэрэггүй л юм бн. фак юм аа.