Дэлхийд алдартай Мики Маус үлгэрийн баатрыг АНУ-ын Уолт Дисней компани 1928 онд бүтээж байжээ. Энэ сарын 18-ны өдөр Мики Маусын дэлгэцэнд анх гарсны 90 жилийн ой тохиож байна. Гэхдээ Дисней 1927 онд Азтай Туулай Освальд (Oswald the Lucky Rabbit) нэртэй баатрыг бүтээж, хэд хэдэн богино хэмжээний энимэйшн кино гаргаад байжээ.
Харин 1928 онд өөр нэг компани уг баатрын зохиогчийн эрхийг түрүүлж авснаар Дисней компани Освальдыг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн байна. Ингэж Мики Маус төрсөн юм. Освальдтай 26 кино хийж байснаас 7-ынх нь хальс хулгайлагдаж алга болсон тухай өнгөрсөн онд АНУ-д хэвлэгдсэн “Oswald the Lucky Rabbit: The Search for the Lost Disney Cartoons” номонд бичжээ. Тэгвэл эдгээр алга болсон бүтээлүүдийн нэг болох 5 минутын урттай “Neck ‘n’ Neck” кино саяхан Японоос олдсон байна.
Энимэйшний түүх судлаач, 84 настай Ясуши Ватанабэ дунд сургуульд сурч байхдаа уг киноны хуулбарыг Осака хотын тоглоомын дэлгүүрээс 500 иенээр худалдан авч байжээ. Олон арван жилийн турш гэрт нь хадгалагдаж байсан энэ бүтээлийн түүхэн үнэ цэнийг Ватанабэ мэдээгүй явсан юм. Харин дээрх номыг уншсаныхаа дараа хуучны эд зүйлс дотроосоо гаргаж ирсэн нь энэ юм байна.
“Би олон жилийн турш Диснейн фэн байсан хүн. Тэгвэл өнөөдөр алдагдсан бүтээлийг олж илрүүлэх үйлсэд үүрэг гүйцэтгэсэндээ маш их баяртай байна” гэж Ватанабэ гуай ярьжээ. Тэрээр АНУ дахь Уолт Диснейн архивын ажилтнуудтай холбогдож, ховор бүтээл өөрт нь байгааг мэдэгдсэн байна. Номыг зохиогч Дэвид Боссерт “Энэ бол гайхалтай мэдээ. Уг бүтээлийг би Лос Анжелест энимэйшн судлаачдыг цуглуулж үзүүлэх төлөвлөгөөтэй байна” гэж ярьжээ.
Эх сурвалж: Asahi Shimbun