УИХ-ын чуулганы өнөөдрийн (2018.11.15) хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр мөн өчигдөр танилцуулсан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан шүүгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн эхний таван хүний нэрсийг дурдсан юм. Шалгаруулалтад оролцсон шүүгчдээс хамгийн өндөр оноогоор Б.Амарбаясгалан нэгт, хоёрт нь С.Буд, гуравдугаарт Ц.Ичинхорлоо, дөрөвдүгээрт С.Соёмбо-Эрдэнэ, тавдугаарт Г.Эрдэнэбат нар жагсчээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан цааш хэлэхдээ “Өндөр оноо авсан шүүгч нар нь томилогддоггүй, улаан шугамны араар орж хасагдаад байдаг жишиг бий болчихлоо. Жишээлбэл, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт нь Будад дургүй учраас томилдоггүй. Ц.Зоригтод таалагдсан хүн Дээд шүүхэд очно гэж ярьдаг. Ц.Зоригттой тохирч байж Дээд шүүхийн шүүгчийг томилно гэдэг. Зоригт гэж нэг мафийн гишүүн шдээ. Ц.Элбэгдоржийн луйвар булхайг хамгаалдаг ийм л этгээд. Бүх луйвар, бузар булхайг Улсын дээд шүүх дээр Ц.Зоригт хамгаалж, өөгшүүлж явдаг. С.Соёмбо-Эрдэнэд хэлье, наад Монголын мафийн хийсэн гэмт хэргийг Улсын дээд шүүх хамгаалдагаа одоо болиорой. Таныг очоод л, маргаашаас нь Ц.Зоригт дарамт үзүүлнэ. Мафийн бүлэглэлийн гишүүд олон талаас чинь ярьж, татаж чангаана, айлгаж сүрдүүлнэ. Болгоомжтой байгаарай. Шүүх дээр байгаа мафитай тэмцэх гэж УИХ-аас томилогдож очиж байна гэдгээ ойлгоорой. Амжилт хүсье” гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр чуулганы хуралдаан дээр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч С.Соёмбо-Эрдэнийг танилцуулсаны дараа гишүүд нэр дэвшигчтэй холбоотой гэхээс илүү шүүх байгууллага болон шүүгчдийн талаар нэлээд шүүмжлэлтэй үгсийг хэлж байлаа.
Тухайлбал,
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Монголын шүүх өнгөрсөн 37 жилд Ц.Зоригтын үеийнх шиг шударга бус байсныг үзээгүй юм байна. Дээд шүүхийг сүйрүүлж байгаа хүн бол Ц.Зоригт шүү. Өнөөдөр яг үнэнийг хэлэхэд Дээд шүүх шударга ёсыг булшлагч болж хувирсан. Ц.Зоригтын үед Монгол Улсын шүүх хоёр нүүртэй болсон. Арын хаалга, танил талгүй бол жирийн ардын хэргийг номоор нь шүүдэг, жир бус албан тушаалтнууд оролцсон, мөнгө төгрөгтэй хүмүүст бол шууд үйлчилдэг хоёр дахь нүүртэй болсон. Энэ нүүр нь Монголыг бүхэлд нь ялзруулаад дуусч байгаа. Шүүх, прокурорыг улс төрийн байгууллага болгосон хүн бол Ц.Элбэгдорж гэж овлигогүй этгээд. Хараат бус байдлыг дур зоргоороо авирлах явдал гэж ойлгодог болсон. УИХ-д нэг бүрэн эрх бий. Шаардлагатай гэж үзвэл ямар ч асуудлыг авч хэлэлцэх эрх байдаг юм. Одоо цаг нь болсон. УЕП шударга ёсыг Их хурлаас эхлэх ёстой гэж хэлсэн. Санал нэг байна. Үүний цаана шударга ёсыг Дээд шүүх, прокуророос эхлэх ёстой юм. С.Соёмбо-Эрдэнэ минь, өмнө нь чи иймэрхүү юманд оролцсон байхыг би үгүйсгэхгүй. Дахиад битгий ийм юм хийгээрэй.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монгол Улс 511 шүүгчтэй гэлээ. 2016 онд 376 шүүгчтэй холбоотой 234 гомдол гарсан байх юм. Шүүхээр шийдсэн хоёр хэргийн нэг нь гомдолтой үлдэж байна гэсэн үг. Ямар гомдолтой үлдэж байна вэ гэхээр ашиг сонирхлын үүднээс нэг талд үйлчилсэн гэж 34 хувь нь, хууийг буруу хэрэглэсэн гэх гомдол 20 хувь нь, эрх мэдэл, мөнгөтэй хүмүүсийн талд шийдвэр гаргалаа гэж 20 хувь нь байна. Эдгээр гомдлын 80 хувь нь хэрэгсэхгүй болсон байна. Энэ их аймшигтай судалгаа. 511 шүүгчийн нэг шүүгчид жилд 500 хэрэг ногддог байна. Олон улсад дундаж нь 100-150 байдаг юм байна. Тэгэхээр Монгол шударга шүүх байна гэдэгт би бол итгэхгүй байна.
Ийнхүү гишүүд үг хэлсэний дараа УИХ-ын дарга танилцуулгатай танилцаж дууссаныг мэдэгдээд, С.Соёмбо-Эрдэнэ УДШ-ийн шүүгчээр томилогдлоо.
2 comments
шударга бус нөхдийг үтэр түргэн зайлуулаачээ
шүүхийн шийдвэр хүмүүсийн сэтгэлд хүрч гарна гэж байхгүй л дээ хамгийн гол нь үнэхээр шударга гарч чадаж байна уу гэдэг л гол асуудал гэхдээ манай монголчууд өөрсдийн буруу байсан эсэх , хуулийн боловсролоо дээшлүүлэх талаар анхаарахгүй бол шууд л өөрсдийн зөв байсан юм шиг ярина яг хэрэг материалтай танилцаад ирэхээр шал өөр байдаг юм даа