Фэйсбүүк, Apple компаниудын гүйцэтгэх захирлуудын харилцаа сайнгүй байдаг нь олон тохиолдлоор илэрдэг. Сүүлд энэ оны эхээр Фэйсбүүк олон сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг Кэмбриж Аналитика компанид алдсаны дараа Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күк тус компани болон түүний босс Марк Зукербэргийг ил тодоор шүүмжилж байсан юм.
Тэгвэл энэ явдлын дараа бухимдсан Марк компанийнхаа захирлуудад iPhone биш, зөвхөн Андроид гар утас хэрэглүүлэх тушаал гаргаж байжээ. Энэ тухай баримтыг өчигдөр Нью Йорк Таймс сонин мэдээлсэн байна. Кэмбриж Аналитика судалгааны компанид 50 сая орчим хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан хэргийн дараа сэтгүүлч Тим Күкээс “Та Зукербэргийн оронд байсан бол ямар арга хэмжээ авах вэ?” гэж асууж байжээ.
Күк хариуд нь “Юу хийх вэ гэж үү? Би угаасаа ийм байдалд орохгүй байсан” гэж хэлсэн байна. Тэдний дайралцаан олон жилийн өмнөөс эхлэлтэй. 2014 онд Чарли Роузын ярилцлагад орохдоо Күк “онлайн үйлчилгээ төлбөргүй байвал та хэрэглэгч биш, бараа бүтээгдэхүүн болсон гэсэн үг” хэмээн ярьж байжээ. Түүний энэ үг Фэйсбүүк, Гүүгл зэрэг сурталчилгаагаар мөнгө олдог компаниудыг шууд бус утгаар шүүмжилсэн хэрэг байв.