Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байлдааны онгоц унаж шатсан тухай мэдээлэл 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаж эхэлсэн. Уг мэдээллийг тус аймгийн Цагдаагийн газрын зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд бүртгүүлж, эрх бүхий албан тушаалтан холбогдох шалгалтыг явуулсан талаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Алтанбулаг сумын иргэд ОХУ-ын Буриад, Хиагт орчмын район руу машины шинэ дугуй хилээр гаргаж худалдан, оронд нь хуучирч муудсан дугуйг машиндаа тавьж буцаж оруулж ирдэг явдал сүүлийн жилүүдэд ихэссэнээс тус сумын нутагт их хэмжээний хог болон үлддэг болжээ. Байлдааны онгоц шатсан гэх мэдээлэл гарсан нь энэ хуучин дугуй шатаасантай холбоотойгоор гарсан бөгөөд шалгалтаар тус суманд барилгын ажил гүйцэтгэж байсан иргэн О.Г нь өөрийн гар утсаар “Байлдааны онгоц уналаа” гэх 19 секундийн бичлэг хийн, улмаар нүүр номын найз руугаа цахим сүлжээгээр тараасан болох нь тогтоогджээ.
Уг зөрчлийн талаарх гомдол мэдээллийг тус прокурорын газраас их хэмжээгээр хураагдсан хаягдал хуучин дугуйнуудыг шатаах явцад Хог хаягдлын тухай хуулийг зөрчсөн эсэхийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын газарт албан бичгийг хүргүүлж шалгуулж байгаа аж. Мөн Алтанбулаг сумын Засаг даргад зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, онгоц шатсан гэх бичлэгийн мөрөөр Хог хаягдлын тухай хуулийн зөрчлийг шалгах ажил үргэлжилж байгаа юм байна.
Иймд иргэд баталгаагүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараахгүй байх, төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх, хуулийг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.