Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жаргалант багийн нутаг, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн замд нүүрс тээврийн машины жолооч галд шатаж биеийн 97 хувь нь түлэгдэлттэй гэмтлийн эмнэлэгт ухаангүй хүргэгджээ. Хэргийн талаар хууль хяналтынхан тодорхой мэдээлэл өгөхгүй байна хэмээн үзэж Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, МТХГТАҮЭХолбоо, хохирогчийн ар гэр хамтран өнөөдөр (2018.11.13) хэвлэлийн бага хурал хийлээ.
Хохирогч жолооч Д-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн кабинд нь гал гарсан бөгөөд автомашины кабин 100 хувь шатжээ.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал “Арваннэгдүгээр сарын 9-нд нүүрс тээвэрлэж явсан уурхайчин жолооч Д-ийн кабинд гал гарч, биеийнх нь 95 хувь түлэгдсэн. Одоо гэмтлийн эмнэлэгт ухаангүй, үхэх сэхэхийн зааг дээр байна. Д нь арваннэгдүгээр сарын 8-ны 09:50 цагт “Эрдэнэс-Тавантолгой”-н уурхайгаас нүүрс ачиж гарсан. Энэ компанийн нүүрсийг бусад компаниуд тендерээр тээвэрлэдэг. Үүний нэг бол “Омог цагаан шонхор” ХХК. Д нь энэ компанийн машиныг жолоодож явсан юм. Хятад эзэнтэй энэ компани Д-ийн амь нас дээсний дөрөөн дээр байхад мөнгөн тусламж үзүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Монголын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй энэ компани Монголын Хөдөлмөрийн тухай хуулийг тоохгүй байна. “Омог цагаан шонхор” компани нь нүүрс тээвэрлэдэг 370 ширхэг автомашинтай. Энэ хэмжээгээр ашиг орлого олдог. Осол гаргасан компани Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтны эмчилгээний бүх зардлыг гаргах ёстой. Монголын хуулийг мөрдөхгүй байгаа тул энэ компанид хариуцлага тооцоход Монголын төр анхаарлаа хандуулахыг шаардаж байна. Бид Д-ийн эмчилгээний зардлыг олготол компанийн үйл ажиллагааг түр зогсоохыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Уул уурхайн сайдаас хүссэн. Хохиролд өртсөн иргэн Д-ийн нөхөн төлбөрийг яаралтай гаргахыг шаардаж байна. Арьс нөхөх эмчилгээнд 70-80 сая төгрөг шаардлагатай байгаа.” гэлээ.
Осол шөнийн 02:00 цагийн үед гарсан байна. Жолооч Д нь дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтэйгээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй хэвтэж байгаа бөгөөд өдөрт хоёр сая төгрөгийн эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Түүнийг Өмнөговь аймгаас Улаанбаатар хүргэх онгоцны зардлын 50 хувь болох 10 сая төгрөгийг “Оюутолгой” компаниас гаргажээ.
Хохирогч Д нь 1-8 насны гурван хүүхэдтэй юм байна. Түүний эхнэр Т нь тус компанийн удирдлагуудад маш их гомдолтой байгаа гэдгээ хэвлэлийн хурлын үеэр хэлж байлаа.
“Омог цагаан шонхор” компани нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байгаагаа тэд энэ үеэр илэрхийлсэн юм. Ер нь уул уурхай, нүүрсний тээвэрт өдөр бүр осол, аваар гардаг бөгөөд жилд 1500-гаад осол бүтгэгддэгийн 10 орчим нь үйдвэрлэлийн ослоос үүдэн нас бардаг тухай тэд мэдээллээ.
1 comment