Парист болж өнгөрсөн дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээнээс буцаж ирсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп онгоцноос буумагцаа Европын холбоотнууд руугаа ширүүн үгээр довтолжээ.
Ням гарагт Парисын Ялалтын хаалганы дэргэд болсон гол арга хэмжээний үеэр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон түүний улс төрийн үзэл баримтлалыг ил тодоор шүүмжилсэн юм. Макрон бас өмнө нь АНУ-аас хамааралгүй, жинхэнэ Европын хүчирхэг армитай болох санааг хэвлэлд ярьж байв. Тухайн үед Трамп Францын ерөнхийлөгчийн санааг “доромжлол” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Вашингтонд буцаж ирмэгцээ Трамп “Дэлхийн улс орнуудын удирдагчидтай маш олон уулзалт хийгээд Парисаас буцаж ирлээ.
Батлан хамгаалах болон Худалдааны салбарт АНУ шударга, эрх тэгш харилцаатай байх ёстойг ойлгуулах ажил хэзээ ч амар байгаагүй. Бид бусад улс орнуудыг батлан хамгаалахад олон зуун тэрбум доллар зарцуулдаг ч тэдэнтэй хийдэг худалдаанаас мөн л олон зуун тэрбумыг алдсаар” гэж твиттер хуудсандаа бичсэн байна. Улмаар Трамп НАТО-гийн гишүүн байснаар АНУ-д ямар ч ашиггүй байгаа тул “Европын баян чинээлэг орнууд нэг бол АНУ-ын хамгаалалт дор байсныхаа төлбөрийг хангалттай төл, үгүй бол өөрсдөө өөрсдийгөө хамгаалах цаг болсон” гэж бичсэн нь Умард Атлантын эвслээс АНУ-ыг гаргах санаагаа илэрхийлсэн хэрэг байв.
Ерөнхийлөгч болохынхоо өмнөөс эхлэн Трамп НАТО-гийн гишүүн орнууд үндэсний нийт бүтээгдэхүүнийхээ 2 хувьтай тэнцэх зардлыг батлан хамгаалах үйлсэд зарцуулах ёстойг сануулсаар ирсэн. Европын хамгийн хүчирхэг гүрэн Герман улс энэ хэмжээний зардал гаргахаас зайлсхийж байгаа. Европын орнуудаас маш цөөхөн улс 2 хувийн шаардлагыг биелүүлж байгаагийн дотор Грек, Монтенегро улсууд багтаж байна. Грек өөрөө эдийн засаг нь маш хүнд байгаа. НАТО-гийн хамгийн залуу гишүүн Монтенегрогийн 2 хувь нь дөнгөж $95 сая болдог нь нэг ширхэг F-35 сөнөөгч онгоцны үнээс арай илүү байгаа юм.
Эх сурвалж: Business Insider