МАН-ын Удирдах зөвлөл өчигдөржин хуралдаж, Су.Батболдыг хотын даргаас, Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах улс төрийн шийдвэр гаргажээ. Одоо эцсийн шийдвэрийг Су.Батболдын тухайд хотын ИТХ, Д.Хаянхярвааг огцруулах эсэхийг УИХ дахь МАН-ын бүлэг эцэслэн шийднэ. Харин М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах, үгүйг УИХ дахь МАН-ын бүлэг шийдэх эрхийг Удирдах зөвлөлөөс өгсөн бөгөөд өнөөдөр (2018.11.13) бүлгээр хэлэлцэх юм байна.
Хуулиар бол УИХ-ын даргыг огцруулах эсэхийг УИХ эцэслэн шийдэх бөгөөд Үндсэн хуульд “Үндсэн хууль зөрчсөн, эсвэл өөрөө огцрох өргөдлөө гаргасан” гэх хоёр үндэслэл байдаг юм. М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах, үгүйг МАН-ын бүлэг дэмжсэн, эс дэмжсэнээс үл хамааран асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар шийднэ. Гэхдээ М.Энхболд огцрох өргөдлөө өөрөө өгөөгүй, Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гараагүй тохиолдолд түүнийг УИХ-ын даргаас огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэх ямар ч боломжгүй.