Киванис гэдэг нэр бидэнд аль хэдийнэ танил дотно болжээ. Анх АНУ-ын  Индианаполис хотноо 1915  онд байгуулагдаж, 103 жилийн турш дэлхийн хүүхдүүдийн сайн сайхны төлөө сайн үйлсийг сайн дураар хийж ирсэн Киванис Олон улсын байгууллага  өдгөө 85 оронд 9000 гаруй клубтэй, 600 мянга гаруй сайн дурын гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн бүх дэлхийн байгууллага билээ.

Киванисийн уриа бол хүүхдийн сайн сайхны төлөө юм. Сайн дурын гишүүд эрхэм зорилгоо биелүүлэхэд цаг хугацааны хандив, хүч хөдөлмөрийн хандив, санхүүгийн хандив өргөдөг. Киванис Олон Улсын байгууллага нь НҮБ-тай хамтран олон олон төслийг  хэрэгжүүлдэг ба одоо Дэлхийн хөрснөөс сахуу татранг бүрэн устгах төсөлд сая сая доллар хандивлаад байна.

Манай оронд нийслэлийн 55 дугаар сургуулийн удирдлага, хэсэг багш нар 2015 оноос АНУ-ын Покосон хотын Киванис клубтэй холбоо тогтоож улмаар 2016 оны аравдугаар сард 20  багш  гишүүнээр элсэж, Монгол дахь салбар клуб нь болж үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. Тэр үеэс хойш тэд АНУ-ын Киванис клубтэй байнгын харилцаа холбоотой байж, АНУ-д очиж Киванисийн анхдагч оронд тэд хэрхэн ажиллаж байгаа туршлагыг судалсан байна. Тэдний суралцсан хамгийн гол зүйл бол төр засгаас ч юм уу, хэн нэгнээс бэлэн мөнгө хөрөнгө хүлээж суух биш, харин өөрсдийн хүчээр хөрөнгө босгож болдог юм байна, түүнийгээ хэрэгцээ шаардлага, тусламж хэрэгтэй хүүхдүүдэд зориулах юм гэдгийг ойлгосон явдал аж. Дараа нь тэд өөрийн орон нутагт хүүхдийн төлөө тодорхой хэд хэдэн ажлуудыг хийж, түүний дотор 2016 оны дөрөвдүгээр сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж хандивын тоглолт зохион байгуулж, түүний орлогоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчны аюулгүй байдлыг хангах хоёр том бүтээн байгуулалт хийжээ.

Өчигдөр (2018.11.09) тус салбар клуб нь Киванис гэдэг Бүх Дэлхийн байгууллагын бүрэлдэхүүнд багтаж албан ёсны гишүүн болж нийслэлийн 55 дугаар дунд сургуулийн хурлын танхимд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Rob Tate, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Япон улсын Киванис байгууллагаас болон Тоёота, Иточи, Мобиком корпораци, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид баяр хүргэхээр хүрэлцэн ирсэн ба энэ үеэр Киванис Олон Улсын Байгууллагаас гэрчилгээ гардуулж өгсөн юм.

Монгол дахь Киванис клубийн анхны ерөнхийлөгч Ч.Ганбилэг хэлсэн үгэндээ 2016 оноос эхлэн АНУ-ын Виржиния мужийн Покосон хотын Киванис клубийн салбар клубээр ажиллаж байсан нь тэдний хувьд их туршлага болсон гээд, ашиг олохын төлөө бус, бие даасан клубээ байгуулаад ирээдүйд хүүхдийн сайн сайхны төлөө хөрөнгө босгон, өөрсдийн хүч, хөдөлмөр, цаг зав, мэдлэг чадвараа зарцуулан, Монгол улсын хууль дүрэм болон Дэлхийн Киванисийн байгууллагын дүрэм журмыг дагаж мөрдөн, Дэлхийн Киванисчуудын туршлагаас суралцан эрхэм зорилгоо тууштай баримтлан хэрэгжүүлж, улам шамдан ажиллахаа илэрхийлж байлаа.

Одоогоор тус клубт сайн дураараа элсэн орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн олон  арван хүн  байгаа аж. Тэгэхээр тэдгээр хүмүүсийг эгнээндээ нэгтгэн, хаана, хэдийд, ямар хүүхдэд тусламж хэрэгтэй байна, тэнд үйлчилгээ үзүүлэх болно гэдгээ клубийн ерөнхийлөгч Ч.Ганбилэг хэлж байлаа.

Баярын үйл ажиллагааны үеэр Япон улсын Киванис байгууллагаас манай улсын клубийн ерөнхийлөгч Ч.Ганбилэг болон гишүүдэд “Киванис Хонх” хүлээлгэн өгч, нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд шинээр гишүүн элсүүлэх ёслолын ажиллагаа болсон юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн