МОНГОЛ БАХАРХАЛ-ын маань гол төвд ЧИНГИС ХААН байдаг. Арга ч үгүй. Улс, үндэстний маань эцэг учир. Гэхдээ бахархахад учир бий. Би, Бид АУГАА ИХ ЧИНГИС ХААНЫ УДАМ гэж хэлэхийн өмнө сургаал захиасыг нь хэр сахиж явдгаа санаж байвал зүгээрсэн. Олон сургаал, зарчим бий. Ганц хоёроос нь дурдсу.
1. Чингис хаан илүү хээнцэрлэлгүйгээр энгийн даруу байхад үлгэрлэж, захисан. Алтан аяганд ууж, алмазаар орд бариулах боломжтой байсан ч Их хаан ердийн ёрог даавуу өмсөж, модон тагшинд зоог барьж, эсгий гэртээ амьдарч байв.
Харин өнөөдөр бидний овоо гайгүй шиг хэсэг нь яг эсрэгээрээ, шаазгай шиг юу л олнов өөртөө наачихдаг, нэгнээсээ илүү харагдах, утга учиргүйгээр хэт тансаглах хэнээтэй болцгоочихсон. Тийм зүйлээс амьдралын таашаал цэнгэл авдаг болчихсон, хэт материаллаг ахуйд дөрлүүлчихсэн, боол болцгоочихсон.
2. Чингис хаан элдэв илүү дутуу цол гуншин огт хэрэглэдэггүй байж.
ЧИНГИС ХААН. Тэгээд л боллоо. Тийм зүйл нь хүнийг эвддэг, мөн чанарыг дарангуйлдаг гэж үзэж, үлгэрлэж сургасан. Тэр цагийн Ази, Европын хаадын цол гуншин хэд нугаларсан, сүржин хийгээд даржин байж. Чингис хаан тэр бүхэнд эгдүүцэн, шоолдог байж. Харин бид өнөөдөр ямар нэгэн цол гуншингийн, ер юуных ч хамаагүй нэг юмны төлөө нэр төр, үнэн ёс, хүн жудагаа мартаад ухаангүй уралддаг болж. Тэр занг нь овжин ашиглаж, бүр цол гуншин, одон медалийг шинээр зохиож, түүнээ худалдан ашиг олж амьдардаг ТББ-ууд ч олноороо байгуулагдаж. Бүр байчихаад хүүхэд багачуудаа ямар нэгэн баярын бичиг, үнэмлэх, санжигнуур төмрийн донд уруу татах болов.
Гэхдээ мэдээж хэрэг шагнал урамшлыг оргүй үгүйсгэж буй хэрэг биш. Ер юм хэмжээтэй нь сайхан. Хэр хэмжээнээсээ хэтэрсэн шүү. 3. Чингис хаан “Гайтай болвоос шадрыгаа ч шанталсугай Гавьяатай болвоос дайснаа ч шагнасугай” гэж сургасан. Шударга ёсны тулгуур зарчим ийм байж. Гай тарьсан учир дүүгээ/Хуралдайн нууцыг татаруудад задалж, олон цэргийн аминд хүрсэн Бэлгүдэй/, ёсыг эвдсэн авга нараа шийтгэж байв. Харин үнэнч шударга нь илэрхий тул өст дайсан гэлтгүй Зэвийг өрлөгөө болгон авч байв.
Харин өнөөдөр бид бүр таг эсрэгээрээ. Өөрийн намынх бол ямар ч гэмтэн байсан өмөөрөөд авч үлдэнэ. Өрөөлийн намынх бол ямар ч шударга нь байсан угаадас цацдаг. Улс төрд бий болсон энэ өвчин бараг нийгмийн давхраа, шат бүхэнд халдварласаар бүр нийтийн ухамсарын хэм хэмжээг тодорхойлох болов. 4. Чингис хаан Монгол хүнд Монгол хүнээс илүү эрхэм дээд үгүй гэдгийг сургасан. Тэр цагт Монгол хүнээс илүү эрхэм зүйл үгүй байж. П.Карпини ламтан үүнийг бүр гайхаж цочиж бичсэн нь бий.
“Хэрвээ монгол цэргийг мориноос нь унаган барьж авч чадваас яаран бүү ал. Учир нь монголчууд түүнд чинь санаанд багтамгүй их мөнгө төлбөр төлж буцааж авдаг. Яагаад гэвэл тэд нэг нэгэндээ маш их хайртай” гэжээ. Харин бид яг эсрэгээрээ. Наад зах нь та машин бариад замын хөдөлгөөнд оролцоод үз. Бүр нэг нэгэндээ өштэй мэт явцгаадаг. Монгол хүн Монгол хүндээ хог новш шиг харагддаг, сэтгэгддэг, үйлдэгддэг болчихсон. Монгол хүн аль нэг гадны улс оронд ядарч зутарч явахад Монголын төр нүдэн балай чихэн дүлий явдаг. Өнөөдрийн АНУ харин иргэдээ яг XIII зууны Их Монгол гүрэн лугаа адил эрхэмлэн, маш өндөр өртөг төлбөр төлдөг.
Америк хүн учраас үнэ цэнэтэй. Тийм ч учраас АНУ-ын иргэн хэн ч хаа ч явсан нүүр бардам, цээж тэнэгэр явж чаддаг. 5. Чингис хаан “Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алжаатугай” хэмээсэн. Өөрөөр хэлбэл Төр, түмний төлөө алд биеийн алжаалыг умартсугай гэжээ. Харин өнөөдөр бид яг эсрэгээрээ. Алдхан биеийнхээ төлөө Төрийн үйлийг дампууруулж, түмний хөрөнгийг сэгсрэхийн төлөө төрчихсөн мэт аашилцгаах. Энэ мэтээр үргэлжлүүлбэл бишгүй бий дээ. Тэгэхээр, Их хаанаараа бахархахын тулд эхлээд нэгийг эргэцүүлбэл яасан юм бэ? Эс чадваас сайн эцгийн нэрийг муугаар дуудуулах вий, ер нь ч дуудуулсаар, одоо ч бүр эл доль болж гүйцэвчиг. Үгүй ядаж л Эцгийнхээ нэртэй архиа нийтээрээ уухаа болчихмоор…
Зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд .