Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр арваннэгдүгээр сарын 14-нд тохионо. Энэ жил тус өдрийг тохиолдуулан дэлхий нийтээрээ “Гэр бүл ба чихрийн шижин” уриан дор тэмдэглэх ажээ. Дэлхийд чихрийн шижин өвчнөөр 1980 онд 108 сая хүн, түүнээс хойш хоёр дахин нэмэгдэж, 4.7 хувиар өсчээ. 2016 онд 1.6 сая хүн чихрийн шижин өвчний улмаас нас барж, өдгөө 422 сая хүн чихрийн шижинтэй амьдарч байна гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан 2016 оны судалгаанд тусгагджээ.
Монгол Улсад энэ өвчин 1960-аад оны үед бүртгэгдээгүй байв. Харин 1999 онд явуулсан судалгаанд 30 орчим мянган хүн чихрийн шижинтэй гэсэн дүн гарчээ. 2009 онд хийсэн судалгаагаар 60 гаруй мянган хүн өвчтэй байсан аж. Хамгийн аюултай нь тухайн үед эмчийн хяналтад ороогүй олон хүн байсан гэнэ. Энэ мэтчилэн сүүлийн жилүүдэд зүрх судас, чихрийн шижин өвчнөөр өвчлөгчдийн тоо нэмэгдэж байгаа аж. 2016 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр 10 мянга хүн амд нийт 78.6 байсан бол 2017 онд энэ тоо 22.2 –оор өсч 100.8 болсон байна. Эцэг, эх нь хоёулаа чихрийн шижин өвчнөөр өвчилсөн тохиолдолд хүүхэд өвчлөх магадлал 90 хувь гэж үздэг юм байна.
Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн тохиолдолд ам цангахаас гадна шингэн алдах нь ихэсдэг байна. Мөн ямар ч шалтгаангүй ядарч, турна. Биеэр идээтэй тууралт гарна. Эмэгтэй хүнд шээсний дараа үтрээний хэсгээр загатнах шинж тэмдэг илэрнэ. Чихрийн шижин, цусны даралт хоёр ихэр юм. Хэрвээ шижин өвчтэй бол цусны даралт нэмэгддэг. Мөн Шалтгаангүй таргалах нь чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалтай аж. Иймээс идэвхтэй хөдөлгөөн хийж, эрүүл зохистой хоолловол урьдчилан сэргийлэх боломжтой ажээ.
Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх дэлхийн олон туршлага байна. Энэ талаар Финлянд улсын эрдэмтэд чихрийн шижнээр өвчлөх магадлалтай хүмүүсийн жин болон сахарын хэмжээг үзээд судалгаанд хамруулсан аж. Хөдөлгөөнийг нь нэмэгдүүлж хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүний ислэгийг таван хувь нэмэгдүүлээд, өөх тосны хэмжээг 30 хүртэлх хувиар багасгасан байна. Энэ хугацаанд судалгаанд хамрагдсан хүмүүсээс нэг нь ч чихрийн шижнээр өвчлөөгүй дүн гарсан байдаг.