Хүчирхэг Оросын хүчтэй Ерөнхийлөгч Владимир Путин ард түмнээсээ хэзээ ч ичиж, нэрэлхэж байгаагүй ээ. Тэр үнэхээр авааль эхнэрээсээ салж байхдаа ч, залуухан гимнастикч бүсгүйтэй учир ургуулж байхдаа ч ичиж зовно гэдгийг мэддэггүй байв.
Дэлхийд ховордож улаан номд орсон амьтан болох Амар мөрний барыг ухаан алдуулдаг сумтай буугаар буудан унагаж, унтаж буй бартай зургаа татуулж, Харли Дэвидсон мотоциклоор Москвагийн гудамжаар зугаалж, байлдааны сөнөөгч онгоцыг ганцаараа жолоодон тэнгэрт хөөрч, төрсөн өдрөөрөө Оросын хоккейчидтой мөсөн талбайд шайбтай хоккей тоглодгоор нь бид түүнийг мэднэ.
Харин дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн явсан Зөвлөлт Холбоот Улсын нэрийн өмнөөс Баруун Германд тагнуул хийж, Зөвлөлтийн элчин сайдын яам руу дайрч орохыг завдсан жагсагчдыг макаров буугаар сүрдүүлэн аюулгүй болгож явсан Путины тухай бид юу ч мэдэхгүй. Цаашилбал түүний авааль эхнэр, цагтаа Оросын Холбооны Улсын тэргүүн хатагтай явсан Владимир Путина болон нас биед хүрсэн хоёр охиных нь талаар монголчууд бид сайн мэдэхгүй.
Түүний анхны эхнэр эдүгээ 59 настай Людмила Александровна Очеретная Зөвлөлтийн үед Аэрофлотод нисэх онгоцны үйлчлэгч байжээ. Дараа нь Ленинградын Улсын их сургуулийг философич, испани хэлний мэргэжлээр төгссөн тэрбээр испаниас гадна франц, англи хэлийг чөлөөтэй эзэмшсэн нэгэн. Түүнийг Оросын ирээдүйн Ерөнхийлөгчтэй хэзээ хэрхэн танилцсан талаар хоорондоо зөрүүтэй хэд хэдэн өөр яриа байдаг ч ойр дотных нь хүмүүсийн баталж байгаагаар тэд 1980-аад оны үед Ленинградад танилцжээ. Тэдний танилцсан түүхийг амьдралд олонтаа тохиолддог жирийн л нэг тохиолдол байсан хэмээн хуучны танилууд нь ярьдаг юм.
Залуухан Путин өөрөө эхэлж эхнэрээ эргүүлж эхэлсэн хэмээн эдний гэр бүлийн найзууд нь баталдаг. Юутай ч тэд танилцаад төдийлөн удалгүй 1983 оны зун Ленинградад гэрлэлтээ батлуулжээ. Людмилагийн сүүлд дурссанаар тагнуулч мэргэжилтэй энэ залуу бусад орос залуус шиг цэцэг, дарс барьж гүйсэн романтик нэгэн байгаагүй гэнэ.
Хоёр жилийн дараа том охин Мария нь мөн л энэ хотод төрж, харин хоёр дахь охин Екатерина нь эгчээсээ жилийн дараа тухайн үеийн Баруун Германы Дрезденд мэндэлсэн аж. Учир нь Улсыг аюулаас хамгаалах хороонд бүртгэлтэй тусгай ажилтан Владимир Путин тэр үед Баруун Германд Зөвлөлтийн нууц агентийн үүргийг гүйцэтгэж байсан гэдэг нь хожмоо бүгдэд ил болсон. Тухайн үедээ бол Путин ердийн нэг дипломат ажилтан төдий халхавчин доор байсан гэдэг.
1989 онд хоёр Герман нэгдэж, жил хагасын дараа Зөвлөлт гүрэн задран унаснаар Путины гэр бүл эх орондоо буцаж ирэхээс өөр аргагүй болжээ. Ингээд Ельциний засаглалын он жилүүдэд төрөлх хот Санкт-Петербургийн захиргаанд удирдах ажилтан, улмаар өөрөө дотор нь ажиллаж байсан Аюулаас хамгаалах байгууллагынхаа дарга гэхчлэн албан тушаалын шатаар өгсөж эхэлсэн Путины эхнэрийн амьдралд огцом өөрчлөлтүүд гарч, тэрээр том дарга нарын эхнэрүүдийн адилаар хуучны найз нөхдөөсөө зайгаа авч, эрх ямбатай нэгэн болж эхэллээ.
Ингэж байтал 1999 оны зуны нэгэн нарлаг өглөө өвчинд баригдсан өвгөн Ерөнхийлөгч Борис Ельцин Аюулаас хамгаалахын дарга нөхрийг нь Кремльд дуудан авчраад шууд л Оросын ерөнхий сайдын албан тушаалд томилж орхих нь тэр. Ийнхүү Людмилагийн Кремлийн ордон дахь амьдрал эхэллээ. Хагас жилийн дараа шинэ мянганы босгон дээр Ельцин Ерөнхийлөгчийн албан тушаалаа Путинд сайн дураараа шилжүүлэн өгснөөр Людмила Путина дэлхийн хамгийн хүчирхэг гүрний тэргүүн хатагтай боллоо.
Гэсэн ч өнөөдрийн өндөрлөг дээрээс эргэн дурсаж байгаагаар Людмила, Владимир нарын харилцаа бүр тэр үед л аль хэдийнэ хөрж орхисон байсан бөгөөд гадаад дахь айлчлалууд зэрэг албан томилолтын үед арайхийн биеэ барьж нөхрийнхөө дэргэд инээмсэглэн зогсох тэргүүн хатагтай Ерөнхийлөгч нөхрийгөө арай ч өөрийг нь хаяж орхих юм чинээ төсөөлөөгүй биз ээ.
Угаас бусадтай нөхөрсөг, эелдэг зан ааштай Людмилаг тагнуулчийн хүйтэн хөндий царай гаргасан, учир битүүлэг ааштай Путинтэй анх нийлэхэд нь л таагүй хандсан хүмүүс тэдний ойр дотныхон дотор нэг бус байсан гэх. Оросын төрийн тэргүүн улс орноо удирдаж эхэлсэн тэр жилүүдэд эхнэрээ халамжилж, анхаарал хандуулахаа аль хэзээний больчихсон байсан юм. Түүний хувьд Людмила бол зүгээр л нэг олны өмнө гарахдаа дагуулж явдаг тэргүүн хатагтай болохоос биш хайртай эхнэр нь байхаа больсон байлаа.
Ийм маягаар нэг бус он жилүүд улиран одсоор 2008 он гэхэд төрийн тэргүүн нөхөр нь уран сайхны алдартай гимнастикч бүсгүй, өөрөөс нь олон насаар дүү Алина Кабаеватай учиртай болох нь олон нийтэд нэгэнт ил болсноор Владимир, Людмила нарын амьдрал хоёр тийшээ болох нь бараг ойлгомжтой болов. Улмаар 2012 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дараа тэд гэр бүлээ албан ёсоор цуцлуулж, хоёр тийш боллоо. Алина Кабаева Путинд хүсэн хүлээсэн хүүг нь төрүүлж өгсөн нь нэгэнт тодорхой болсон төдийгүй тэднийг 2014 онд нууцаар хуримласан хэмээн Оросын хэвлэлүүд шуугиж байв. Гэвч залуу эхнэр нь “хөшигний ард” байсан хэвээр.
Эрх чөлөөтэй болсон анхны эхнэр Людмила эхэндээ сэтгэлээр унаж, зарим эх сурвалжийн батлан өгүүлдгээр бор дарс хүртэж, баар, ресторан хүртэл хэсч үзсэн боловч өнөөдөр харин тэр 60 хүрч яваа эмэгтэй гэхэд өөрөөсөө 20 гаруй насаар дүү бизнесмэн эртэй хөтлөлцөн Москвагийн гудамжаар ил цагаан зугаалсан шиг цоглог явна. Түүнийг экс нөхрөөсөө багагүй хэмжээний мөнгө салгасан учраас үлдсэн амьдралдаа санаа зовох юмгүй ийнхүү нялх амрагтайгаа зугаалж яваа юм хэмээн хов живэнд дуртай хүмүүс ярилцах.
Эдүгээ 37 настай чинээлэг бизнесмэн Артур Очеретный бол “Хүмүүсийн хоорондын харилцааны төв” хэмээх төрийн бус байгууллагыг тэргүүлж, багагүй хэмжээний мөнгийг эргэлдүүлдэг гэдэг нь олонд нэгэнт ил болчихлоо. Энэ хоёрын тухай Орос орон даяараа төдийгүй дэлхий нийтээр ид ярилцацгааж байна.
Харин Владимир, Людмила нарын охидын тухайд тэдний нууцлаг амьдралын талаарх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдэд дэндүү хомс. Том охин болох 30 настай Мария нь АНУ-д анагаахын чиглэлээр сурдаг гэх боловч түүний Москва хотын ойр орчмын тансаг орд харш, амралтын газруудад үеийнхээ охидтой цуг наргиж буй зургууд өрнөдийн хэвлэлүүдэд нэг бус удаа гарч буйг хэлэх хэрэгтэй. Зарим эх сурвалж түүнийг Москвагийн улсын их сургуульд суралцдаг байх ёстой гэж бичжээ. Юутай ч Мария нөхөр, найз залуу аль нь ч байхгүй, ганц бие нэгэн бололтой.
Тэгвэл бага охин Екатеринагийн хувьд тэрээр эгч шигээ хөнгөн зугаа цэнгэл хөөцөлдөгч нэгэн биш бөгөөд спорт рок-н-ролл бүжгийн төрлөөр хичээллэдэг, бас л ганц бие, эрх чөлөөтэй бүсгүй аж. Хамгийн гол нь сая сая орос охид бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлж буй гол зүйл нь 29 настай Екатерина, 30 настай Мария нарыг гадаадын банкинд их хэмжээний мөнгөн данстай гэх ам дамжсан яриа юм. Ам дамжсан ч гэж дээ. Панамын хуудсуудаар Ерөнхийлөгч эцгийнх нь тоо томшгүй их хөрөнгө ил болсон. Тэгвэл уг мөнгө Путины өөрийнх нь биш, харин дотнын найз нөхөд болон хоёр охиных нь нэр дээр байдаг болохыг олон улсын сэтгүүлчид илчилсэн шүү дээ.
Тиймээс оросын сэтгүүлчид Мария, Екатерина нарын тансаг амьдралын нууцыг Ерөнхийлөгч аавынх нь оффшор бүс дэх их хөрөнгөтэй холбон тайлбарлаж буй юм. Тансаг хэмээн тодотгохын учир нь Мария, Катя нар байнга шахуу баруун европын орнуудаар үнэтэй дэлгүүр, зочид буудал хэсч явдаг гэх. Ингэж хэсч яваа зарим нэг зураг нь ч америк болон европын вэб сайтуудад гараад амжсан. Хэдийгээр Оросын хүчирхэг удирдагчийн гэр бүл өмнөх шигээ аз жаргалтай, элэг бүтэн байхаа больсон ч тэд эд хөрөнгө, зугаа цэнгээнээр дуталгүй тус тусынхаа мөрийг хөөн тэрүүхэн тэндээ сайхан амьдарч яваа бололтой.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин