Өнгөрсөн Даваа гарагт мэргэжлийн боксын босоо аварга Флоид Мэйуидер анх удаа холимог тулааны дэвжээнд гарах болсноо, эхний өрсөлдөгч нь Японы кикбоксын аварга Тэншин Насукава байхыг зарласан билээ. Арванхоёрдугаар сарын 31-нд Японы Сайтамад болох тэдний тулааныг RIZIN тулааны холбоо зохион байгуулах юм. Тэгвэл өнгөрсөн онд Мэйуидертэй боксын дэвжээнд тулалдаад ялагдаж байсан UFC холбооны хөнгөн жингийн аварга Конор Макгрегор тулалдахаар болсон хоёр тамирчны зургийг “Rush Hour” киноны одод болох Жэки Чан, Крис Такер нарын зурагтай харьцуулан элэглэжээ. Тэрээр Мэйуидерт сошиал хуудсаараа хандаж “Чиний хажууд байгаа жижигхэн … хэн юм бэ?
“Rush Hour 5”-ыг хийхээр болоо юу? Крис Такер, Жэки Чан хоёр энэ тэмцээнийг санаачлаа юу?” гэх зэргээр доромж үгсийг бичсэн байна. Тэгвэл кикбоксын аварга япон залуу твиттер хуудсандаа Макгрегорын дайралтанд даруухан хариулт өгчээ.
Тэр “Сайн уу! Ноён Макгрегор. Намайг Тэншин Насукава гэдэг. Би Жэки Чан биш. Таны ялагдлын хариуг би авах болно. Тиймээс миний тулааныг үзээрэй!” гэж бичсэн байна. Насукава нь гадаад ертөнцөд төдийлөн танигдаагүй ч Япондоо алдартай тамирчин юм. Тэр кикбоксын 27 тулаан хийснээс 27 ялсан бөгөөд үүнээс 21-ийг нь хүнд цохилтоор буулгажээ. Бас холимог тулааны төрлөөр 4 удаа хүч үзэхдээ бүгдэд нь ялалт байгуулсан юм байна. Одоогоор Мэйуидерыг ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедов тулаанд дуудаад байгаа. Японд хийх тулаан ямар дүрмээр явагдах нь тодорхойгүй байгаа ч Мэйуидер анх удаа найман талт дэвжээнд гарч үзэх гэж байгаа юм.
Эх сурвалж: Russia Today