Зэсийн эрэлт дэлхий даяар өсөх нь нэгэнт тодорхой болсон. Одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бүх уурхай нийлээд ч тэрхүү эрэлтийг хангаж чадахгүй юм. Харин Монгол тэрхүү боломжийг ашиглаж чадвал эдийн засгаа сэвхийтэл өргөх билээ. Баялагтай бүхэн баяждаггүй гэж эдийн засагчид хэлдэг. Бусдын алдаанаас суралцаж, туршлагаас судлахын тулд ашигт малтмалаар баялаг бусад орны хөгжлийн түүхтэй танилцах нь зүй. Иймд бид “Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд” хэмээх цувралыг эхлүүлж, эхний удаад Катар, Венесуэлийг танилцуулж байна. ОПЕК, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн гээд тэдэнд ижил төстэй тал олон бий.
Сүүлийн гурван жилд сөхрөөд буй Венесуэл угтаа нөөцөөрөө Катарыг хол хаяж чадах улс. Гэвч Катарыг гүйцэх яагаа ч үгүй байна.
КАТАР
Хүн ам: 2,338,085 (2017 оны байдлаар)
Ажилгүйдэл: 0.1 хувь
ДНБ: 171 тэрбум ам.доллар
Нэг хүнд ногдох ДНБ: 108786 ам.доллар
ДНБ-ий өсөлт (2017 онд): 2.1 хувь
Инфляц: 0.9 хувь
Үндэсний мөнгөн тэмдэгт: Риал
Алс тэртээх ангамал цөл нутагт Катар хэмээх улс бий. Катарын 11,437 ам км газарт дэлхийн байгалийн хийн нөөцийн 14 хувь байдаг. Азийн баруудтай өрсөлдөн Булангийн арслангууд хэмээгддэг бүлэг араб дэлхийн газрын тос, байгалийн хийн нөөцийн үлэмж хэсгийг эзэмшиж, түүнийхээ ачаар эдийн засгаараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг буюу. Булангийн орнуудыг газрын тосгүйгээр төсөөлөхийн аргагүй. Катарын ДНБ-ий 60, экспортын орлогын 90 орчим, Засгийн газрын орлогын 70 хувийг газрын тос, байгалийн хий бүрдүүлдэг.
Хар алт, хөх хийнийхээ ачаар Катар нэг хүнд ногдох орлогоороо дэлхийн хамгийн баян улс гэгдэх болсон, одоо ч хэвээр. Газрын тосны батлагдсан нөөц нь 15 тэрбум баррель энэ улс олборлолтоо өнөөгийн хэмжээгээр үргэлжлүүлбэл энэ гайхам баялаг нь тэднийг 37 жилийн турш торгонд хөлбөрүүлж, тосонд умбуулахад хангалттай гэлцдэг юм билээ.
Катарт газрын тос илрэхээс өмнө тэнд амьдрал хэрхэн өрнөж байсныг эрхэм уншигч та сонирхож буй нь гарцаагүй. 1900-гаад оны эхэн үед цөлийн ядуу катарчууд загас барьж, сувд олборлон амьжиргаагаа залгуулдаг байв. XX зууны эхний хоёр арванд сувд олборлолт тэдэнд ашигтайгаар эргэж (одоогийнхоор бол гадаад худалдаа нь ашигтай гарч) эдийн засаг өндийж эхэлжээ. Гэвч 1930-аад оноос Катарын эдийн засаг гадаад хүчин зүйлүүдийн нөлөөлөлд автав. Мөн үед япон сувд дэлхийн зах зээлд танигдсанаар Катарын сувдны ашигтай наймаа үндсэндээ мөхөх нь тэр.
Түүнчлэн Их хямрал ирж, улс орнууд тансаг хэрэглээнээс татгалзасны гайгаар борлуулалт сайнгүй болов. Залгаад Дэлхийн II дайн дэлхийг хөмрөх нь тэр. 1939 онд Духан хэмээн нэрийдсэн анхны газрын тосны цооногоо өрөмдсөн ч Дэлхийн II дайныг дуустал ашиглаж чадсангүй. Харин газрын тосыг арилжааны зорилгоор олборлож эхэлсэн нь 1949 он. 60 гаруйхан жилийн дотор байгалийн баялаг бяцхан Катарыг их гүрэн болгов. Ингэж тэд Баруун зүгийн ихэмсэг европчуудын зиндаанд очжээ.
Катарын нэг иргэнд ногдох ДНБ 1970-аад онд 1,156 хувиар өсөж, дэлхий дахиныг алмайруулж байв. Гэхдээ газрын тос олоод л тэдний амьдрал сайжирчихсан юм биш. Баялаг бүхэн барагддаг юм хойно 2043 онд газрын тосны нөөц шавхарна хэмээн шинжээчид таамагласан. Үүнийг бодолцон Катар баялагт бус мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийг эрмэлзэх болжээ. 1982-1989 онд газрын тосны үнэ бууран, ОПЕК түүхий нефтийн олборлолтод квот тогтоосны дараа Катарын эдийн засаг “хэвтэрт оржээ”.
Засгийн газар төсвөө эргэн харж, баялгийн бага орлогодоо тааруулан зардлаа танах шаардлагатай тулгарсан ч эдийн засгийн оновчтой зохицуулалт хийн тэрхүү хүнд үеийг давж, одоо ч нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлэгч улсуудын жагсаалтын эхний гурваас буухгүй явж байна. Байгалийн баялаг хэнийг ч үргэлж элбэг хангалуун байлгаж чадахгүйг тэд ойлгож баялгаа дагуулан бүх салбараа өргөж байгаа нь тэдний амжилтын нууц бололтой дог. Угаас тогтвортой бодлого дээрээ бизнесийн орчныг сайжруулах эрчимтэй стратеги хөгжүүлж буй энэ улс бөмбөрцөг дээрх хамгийн бага татвартай оронд тооцогддог нь ч учиртай.
Сүүлийн хэдэн жилд Катар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр эрчимтэй ажиллаж буйг гадаад хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулиас нь харж болох юм. 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар бизнес эрхлэх боломж нээсэн шинэ хууль нь улсын эдийн засгийг бүр ч эрчимжүүлнэ хэмээн эдийн засагчид үзэж буй. Зээлжих зэрэглэл нь А-аас буудаггүй, ажилгүйдэл бараг үгүй, баян Катар өсөлтийн зүг, гадаадын хөрөнгө оруулалтыг татах шинэ бодлогууд хэрэгжүүлсээр байгаа нь гайхалтай байгаа биз?
ВЕНЕСУЭЛ
Хүн ам: 31,568,
179 Ажилгүйдэл: 8.06 хувь
ДНБ: 340.984 тэрбум ам.доллар
Нэг хүнд ногдох ДНБ: 10399 ам.доллар
ДНБ-ий өсөлт (2010 онд): -13.2 хувь
Инфляц: 1,000,000 хувь
Үндэсний мөнгөн тэмдэгт: Боливар
“Халтар царайт” киногоороо бидний эчнээ танил болсон Венесуэлийг газрын тосны нөөцөөр дэлхийд дээгүүр тооцогддог гэдгийг монголчууд тэр бүр мэдэхгүй биз ээ. Хар алт “Халтар царайт”-ын эх орны ДНБ-ий гуравны нэг, нийт экспортын 98 хувь, Засгийн газрын орлогын тэн хагасаас илүү хувийг бүрдүүлдэг. ОПЕК-т газрын тосны олборлолтоороо эхний тавд эрэмбэлэгддэг байсан Венесуэл улс төрийн нөхцөл байдлаас үүдэн эрс доройтож, өдгөө иргэд нь бүр “найман нэрийн бараа” ч авч чадахгүй байгаа нь үнэхээр харамсмаар.
Энэ улсын эдийн засгийн үзүүлэлтийг сайнгүй гэхэд багадна. 1922 онд Маракайбо хотын орчмоос газрын тос илэрсэн ч үр шимийг нь хүртэхгүй явсаар 1950-иад оноос ОПЕК-т элсэж, АНУ, Европт нэрэх үйлдвэр байгуулснаар Венесуэлийн эдийн засаг Өмнөд Америкийн хамгийн хүчирхэгт тооцогдох болсон байдаг. ДНБ үлэмж өсөж, 1950-иад онд нэг хүнд ногдох ДНБ Баруун Германы хэмжээнд хүрч байв. Гэвч эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд тийм ч удаан үргэлжилсэнгүй. Угтаа газрын тосны асар их баялгийнхаа ачаар Венесуэлийн хар ажилчид хэсэгтээ л Латин Америктаа хамгийн өндөр цалин авч байжээ.
Тэд байгалиас заяасан баялгаа зөв зарцуулж чадаагүй бөгөөд эх захгүй зарлага, тансаг хэрэглээнээс үүдэн 1959-1964 онд дотоод, гадаад өрөндөө даруулж, ядуурлын үүд нь нээгдсэн аж. Баялгаас бүрэн хараат эдийн засагтай бараг бүх улсад тохиолддог хямрал Венесуэлийг тойрсонгүй, 1980-аад онд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ хямдарч, 1984 он гэхэд нийт хүн амынх нь 36 хувь ядуурлын түвшнөөс доогуур орлоготой амьдарч байв. 1980, 1990-ээд онд инфляц жилд 30-40 хувиар өсөж, 1989 онд 84 хувьд хүрчээ.
Венесуэл улс уг нь газрын тос, байгалийн хийгээс гадна төмрийн хүдэр, нүүрс, хөнгөн цагааны хүдэр, алт, никель, алмааз эрдэнийн гээд үй их нөөцтэй. Тэд бараг бүтэн зууны турш газрын тос олборлосон атал хөгжил нь уул уурхайн салбараараа “үеийн” орнуудаас хэдэн арван жилээр хоцорч буй. Тус улс байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд есдүгээрт, Өмнөд Америкт нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Гэхдээ дэд бүтцээ сайн хөгжүүлж чадаагүйгээс гадна бусад салбараа хөгжүүлж чадаагүй болохоор энэ бүхэн нь нэмэргүй ажээ. Бод доо, тус улс 1998-2008 онд газрын тосны олборлолт, экспортоос 325 тэрбум ам.доллар* олсон гэсэн тооцоо бий. Их мөнгө байгаа биз.
Уул уурхайн зэрэгцээ хөдөө аж ахуй ч хөгжих боломжтой энэ улсын сая сая хүн ажилгүй, тэр бүү хэл амьдрах аргагүйдээ дүрвэж байна. Улсад нь, иргэдэд нь маш том боломж болж чадах газар тариалангаа хөгжүүлж чадахгүй, энэ салбар нь эдүгээ тус улсын ДНБ-ий гуравхан хувийг бүрдүүлж, ажиллах хүчний 10 хувийг л ажлын байраар хангадаг. Угтаа венесуэлчүүд будаа, эрдэнэ шиш, загас, жимс, кофе, үхрийн мах, гахайн мах экспортолдог. Тийм атлаа дотоодынхоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангаж дийлдэггүй нь “гайхалтай”. Хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ гуравны хоёрыг хөрш улсаасаа импортолдог юм билээ.
Харин газрын тосны бүтээгдэхүүний экспортын ачаар Венесуэлийн гадаад худалдаа харьцангуй ашигтай гарсаар иржээ. 2013 оноос хойш үүсээд буй нөхцөл байдлыг эс тооцвол шүү дээ. Баялгийнхаа үр шимийг шингээж чадаагүйн гайгаар дайн дажингүй эх орноосоо дүрвэхэд хүрч байгааг бид харж байна. Эдүгээ венесуэлчүүд урьд нь 100 боливараар авдаг байсан зүйлсийг авахын тулд хайрцаг дүүрэн дэвсгэрт өгч, инфляц нь ирэх арванхоёрдугаар сараас нэг сая хувьд хүрэх таамагтай болчихсон байна. Гайхаж байна уу?
Та буруу уншаагүй. Олон улсын валютын сангаас тус улсын инфляцийг хоёр сарын дараа нэг сая хувьд хүрнэ гэх таамгийг саяхан зарласан юм. Харьцуулбал, Дэлхийн I дайны үеийн дараах Германы нөхцөл байдалтай төстэй дүр зураг Венесуэлд үүссэн. Газрын тосны нөөцөөрөө аль ч улсыг дагуулахгүй Венесуэлийн иргэд идэх хоолгүй, өмсөх хувцасгүй, дээрэм, хүчирхийлэлд өртөхөөс айсандаа гэрээсээ ч гарч чадахгүй амьдарч байгаа нь хачирхалтай гэмээр ч үнэн юм. Иймд баялгаа зөв ашиглаж чадаагүй улсуудын хамгийн том жишээ гэвэл энэ улсыг нэрлэхээс аргагүй. Монголчууд бид баялгаа зөв ашиглаж чадахгүй бол энэ мэт буруу замаар бэдэрч мэдэх юм.
Эх сурвалж: ub.life