УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын чуулганы өнөөдрийн (2018.11.07) хуралдаанаар хэлэлцэж, гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалт явууллаа.
Хуулиар бол нууцаар санал хураана. Гэхдээ цахимаар уу, хуудсаар уу гэдэг дээр санал хураасан юм. Цахимаар хураая гэсэн Д.Хаянхярваа гишүүний горимын саналаар санал хураахад УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь дэмжсэн тул нууц санал хураалтыг цахимаар явуулав.
Байнгын хорооны саналаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэдгийг дэмжье гэсэн саналын томъёоллоор нууц санал хураалт явуулахад 86.8 хувиар байнгын хорооны санал дэмжигдлээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын тогтоол дээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжигдэж уг тогтоол батлагдлаа. Ийнхүү Б.Батзориг гишүүнийг УИХ авч үлдсэнээр чуулган өндөрлөлөө.