“ГУРАВДУГААР ХЭСЭГ “
…2018 оны аравдугаар сарын 1-ний өдөр АТГ-т шалгагдаж байгаа сэжигтний гэрээс 1.3 сая ам.доллар олджээ” гэсэн мэдээлэл цацагдсан. Тэр дорхноо тухайн сэжигтэн нь цагдаагийн хурандаа байсан гээд шуурсан. Харин АТГ-аас маргааш нь “…Цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээчийг хуурамч дүгнэлт гаргасан гэх асуудлаар шалгаж байх явцад нэр бүхий энгийн иргэнээс бусдад хахууль өгсөн байж болох үйлдэл илэрсэн. Хахуулийн асуудлыг АТГ хамтарч шалгах ёстой болсон. Ингээд авлигатай тэмцэх болон цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга ахлан шалгаж байгаа.
Ийнхүү шалгах явцад дээрх нэр бүхий энгийн иргэнээс шинээр хээл хахуулийн үйлдлийг илрүүлж, 1.3 сая ам.долларыг хураан авсан. Одоо энэ хэргийг нарийвчлан шалгаж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм. Яг үнэндээ бол 1.3 сая ам.доллар дээр нэмээд 140 мянган ам.доллар хураасан байгаа юм. Тэгэхээр 1.44 сая ам.долларын асуудал гарч ирнэ. Хамгийн хачирхалтай нь тухайн үед тэр мөнгөний талаар “…Уул уурхайн лицензтэй холбоотой авлигад зарцуулагдах гэж байжээ” гэсэн мэдээлэл цацагдсан. Тэр үнэн байсан.
Харин цагдаагийн хурандаа холбоотой гэдэг нь худлаа болж таарах шиг болсон. Өдгөө хураагдсан 1.44 сая ам.долларыг хуулийнхан яг яах гээд байгаа нь эргэлзээтэй байгаа тухай мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, олны хэл ам дарагдсаны дараа “эзэн”-д нь буцаагаад өгчихөж магадгүй байдал үүссэн тухай эх сурвалж хэлж байгаа юм. Энэ нэг асуудал. Харин өөр нэг асуудал нь хэдэн нөхрийн их хэмжээний валютаар авлигадаж байгаад өөрийн талд шийдүүлэх гэсэн лицензний цаана уул уурхайн нэгэн орд байгааг бид мэдэж авсан юм. Тэр бол Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгөний орд юм. Энэ ордын лицензийн эзэмшлийн маргааны талаар бид өмнө нь хоёр ч цувралаараа хүргэсэн.
Нэхэн сануулахад 2010 онд “Жи Пи Эф” гэх 1.0 сая төгрөгний дүрмийн сантай, ганц компьютер, принтер зэрэг ойр зуурын хөрөнгөтэй компани байгуулж байсан Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан гэдэг хадам, хүргэн хоёр 2012 онд уул уурхайн Х буюу хайгуулын лицензтэй Салхитын мөнгөний ордыг компанийнхаа хамт бусдад 800 мянган ам.доллараар худалдсан байдаг. Худалдаж авсан нь “Си Си Эм Икс” гэдэг компани. Тус компани хайгуулын талбайд ажиллаж, лицензийн ашиглалтын буюу А болгоод тун чиг аятайхан ажиллаж байтал Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан хоёр гэнэт гарч ирээд компанийг, уурхайтай нь булаацалдаж эхэлсэн байгаа юм.
Гэхдээ мань хоёр хоёулхнаа биш “Си Си Эм Икс”-ийг төлөөлөн удирдаж байсан Чен Бангфа гэдэг нөхөртэй нийлсэн байна. Товчхондоо Чен Бангфа “Жи Пи Эф”-ийг, Салхитын ордын лицензтэй нь хамт худалдаж авсан эздээс нь авах нөхцөлийг бүрдүүлж, Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар хууль шүүхийн байгууллагын нэр бүхий хүмүүстэй нийлж, арга заль зохиож байгаад буцааж авах ажиллагааг 2015 оноос хойш хийж эхэлсэн байна. Өмнөх цувралд Ш.Мөнгөншагай хүргэн Г.Жаргалантайгаа 2012 оноос хойш холбоо тасарч, 2015 онд гэнэт компаниа яаж байгаа бол гээд үзтэл зарчихсан байсныг нь олж мэдсэн гээд Захиргааны шүүх, Иргэний шүүхээр заргалдаж эхэлсэн тухай нийтэлсэн. Тэр ч байтугай шат шатны шүүхээс “…Ш.Мөнгөншагай энэ компанийг зараагүй юм байна. Өөрөө мэдээгүй байжээ” гэсэн шийдвэрийг гаргуулчихсан байгаа юм. Одоо юм л бол тэр шийдвэрүүдээ бариад л дайраад байдаг аж.
Гэтэл үүний цаана олон “но” бий гэдэг нь эхнээсээ тодорхой болж байна. 2012 онд хайгуулын лицензээ 800 мянган ам.доллараар зарж чадсан Ш.Мөнгөншагай гэрээ нүүлгэж, гар утсаа солиод, морь уядаг болоод байв. Энэ 800 мянган ам.долларыг хүргэн Г.Жаргалан нь 2012 оны наймдугаар сарын 8-ны өдөр гарын үсэг зурж байгаад бэлнээр авчихсан байдаг. Гэтэл өнөөх лицензтэй талбайгаас ашигт малтмал гайгүй сайн олдож, үүнийг булааж авахаар хадам хүргэн хоёр боссынхоо даалгавраар “Жи Пи Эф”-ийг удирдаж байсан Чен Бангфатай нийлсэн байгаа юм. Ш.Мөнгөншагай шүүхэд хандаад эхлэх үед “Си Си Эм Икс”-ийн жинхэнэ эзэн, “Жи Пи Эф”-ийг, лицензтэй нь худалдаж авсан Жин Жиан Мин УМБГ-т ханджээ. Учир нь жолооч нь байсан Чен Бангфа компанийг нь энд ёстой л бужигнуулж Жин Жиан Миний гомдлын дагуу 2015 оны наймдугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Гэсэн ч Чен Бангфа нэр бүхий хүмүүсийн тусламжтайгаар хэргээ 2015 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хэрэгсэхгүй болгуулж чадсан байна. Эзнээ хулхидсан Чен Бангфа чухам юу хийсэн талаар тодруулъя. Компанийн эзэн Жин Жиан Мин 2011 оны тавдугаар сард өөрийн ажилладаг “Нинша Шинтай Эрчим Хүч Хурд” компанийн нэрийн өмнөөс Монгол Улсад компани байгуулах, гарын үсэг зурах итгэмжлэлийг 30 хоногийн хугацаатай хийж өгчээ. Энэ дагуу Чен Бангфа “Си Си Эм Икс” ХХК-ийг байгуулжээ. Тиймээс компанийн үйл ажиллагааны зардалд Чен Бангфагийн Голомт банк дахь данс руу 2011 оны тавдугаар сарын 23-нд 20 сая юань шилжүүлсэн байна. 2012 оны дөрөвдүгээр сард “Жи Пи Эф” ХХК-ийг ашигт малтмалын гурван лицензтэй нь авахаар шийдсэн байна.
Дараа нь 2013 оны тавдугаар сарын 14-нд 10 сая юань, есдүгээр сарын 23-нд 5.0 сая юань, есдүгээр сарын 25-нд 10 сая юань, арваннэгдүгээр сарын 7-нд 5.0 сая юань, 2014 оны тавдугаар сарын 9-нд 1.0 сая юань, зургадугаар сарын 10-нд 1.0 сая юань, зургадугаар сарын 20-нд 5.0 сая юань тус тус шилжүүлжээ. Ингэсээр нийт 57 сая юань шилжүүлсэн байна. Дээрх мөнгөөр компани худалдаж авч, хайгуулын нэг лицензийг нь А буюу ашиглалтын болгох ажлыг хийж, тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан байгаа юм. Улмаар Дундговийн Гурвансайханд Баяжуулах үйлдвэр хүртэл барьжээ. Ингээд компани нь ч үйл ажиллагаа нь жигдэрч, Жин Жиан Миний шилжүүлдэг мөнгө Чен Бангфагийн хувийн дансаар биш компани руу шилждэг болсон байна.
Сүүлдээ компанийн санхүү нэг л асуудалтай болоод байсан учир Жин Жиан Мин 2015 оны тавдугаар сараас өөрөө “Жи Пи Эф” ХХК-ийг удирдах болсон байна. Ингээд санхүүгээ шалгахад өнөөх жолооч байсан Чен Бангфа нь Голомт банкинд 15-16 данс нээчихсэн, маш их зарлагын баримт илэрчээ. Мөн хувьдаа LX-570 автомашин, найз хүүхэндээ 161.7 мкв орон сууц худалдаж авсан байв. Түүнчлэн Чен Бангфа “Жи Пи Эф” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, захирал гэж энд тэнд өөрийгөө танилцуула, албан бичиг илгээж, ер нь будилуулчихсан байжээ. Тухайн үед “Жи Пи Эф” ХХК-ийн Монгол талын захирлаар ажиллаж байсан Ц.Өнөрцэцэг “…Чен Бангфа “Жи Пи Эф” ХХК-ийг худалдаж аваад намайг захирлаар ажиллуулсан. 800 мянган ам.долларыг миний данс руу шилжүүлж, би Жаргаланд тэр мөнгийг бэлнээр өгсөн. 2015 онд Жин Жиан Мин ирээд Чен Бангфагаас компанийн тамга тэмдгийг хурааж авсан” гэж ярьсан байдаг. Бас Ш.Мөнгөншагайгийн хүргэн Г.Жаргалан “…2010 онд Ш.Мөнгөншагай бид хоёр “Жи Пи Эф” ХХК-ийг би 40 хувь, Ш.Мөнгөншагай 60 хувийг эзэмших эрхтэйгээр үүсгэн байгуулсан.
Тухайн үед компани хайгуулын гурван лицензтэй байсан ба 2012 онд компаниа хайгуулын лицензүүдийнх нь хамт зарахаар болж, 800 мянган ам.доллараар бүх хувьцаагаа Чен Бангфагийн нэр дээр шилжүүлсэн. Сүүлдээ хувь хүний нэр дээр болохгүй юм байна гээд “Си Си Эм Икс” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн” гэжээ. Товчхондоо, ийм л явдал болсон байгаа юм. Үүнээс хойш нэгэн цагт дарга нь явсан Жин Жиан Минд өсөрхсөн Чен Бангфа ямар нэг аргаар дээрх лиценз бүхий “Жи Пи Эф” ХХК-ийг Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарт буцаан өгүүлэхэд хүчин зүтгэж эхэлсэн байдаг юм байна.
Хамгийн гол нь Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нараас худалдан авах үед үйл ажиллагаа эхлээгүй, татвар тайлан өгч байгаагүй “Жи Пи Эф” ХХК-ийг Жин Жиан Мин буюу “Си Си Эм Икс” ХХК худалдаж авснаас хойш дээрх маягаар хөрөнгө оруулалт хийж, улмаар Монгол Улсад олон тэрбумын татвар төлж, орон нутагт олон зуун сая төгрөгийн хандив тусламжийг үзүүлжээ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэхэд л 2014 онд 91.100.000 төгрөг, 2015 онд 1.319.913.602 төгрөг, 2016 онд 4.396.893.516 төгрөг, 2017 онд 700.000.000 төгрөгийг төлжээ. Бусад татварын тухайд 2013 онд 344.675.444 төгрөг, 2014 онд 708.470.908 төгрөг, 2015 онд 2.295.708.626 төгрөг, 2016 онд 5.541.248.601 төгрөг, 2017 онд 912.110.460 төгрөг, нийтдээ 9.802.214.038 төгрөгийн татварыг “Жи Пи Эф” ХХК Монгол Улсад төлсөн байгаа юм.
Салхитын мөнгөний ордын нутаг, Дундговь аймаг, тус аймгийн Гурвансайхан суманд “Жи Пи Эф” ХХК-ийн зүгээс хандив тусламжийг хангалттай өгч, хамтран ажилладаг байсн тухай орон нутгийн үе үеийн удирдлагууд ярьдаг байна. “Жи Пи Эф” ХХК хандив болгож 2014 онд 371.943.400 төгрөг, 2016 онд 178.152.000 төгрөг, 2017 онд 130.000.000 төгрөг, нийтдээ 680.095.400 төгрөгийг орон нутагт бэлнээр болон дансаар шилжүүлэн өгч байжээ.
Үргэлжлэл бий…
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин