ГИХГ-ын дарга Д.Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Төрийн департаментаас зохион байгуулсан Хүүхэд үрчлэлийн асуудалтай танилцах хөтөлбөрт хамрагдан АНУ-д ажиллаж байна. Энэ үеэр Вашингтон орчимд амьдарч буй 7-12 насны гурван хүүхэд эцэг, эхийн хамт иржээ. Тухайлбал, Зориг болон Нэргүй нар 2007, 2013 онуудад Смитийн гэр бүлд, Ирмүүн 2007 онд Майкийн гэр бүлд үрчлэгджээ.

Монгол Улс хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай ГААГ-ын конвенцид 1998 онд нэгдэн орсон. Хэдийгээр харь улсад үрчлэгдсэн ч эх орных нь хэл соёл, заншлыг танин мэдүүлэх үүргийг эцэг, эхчүүд хүлээдэг байна. Энэ талаар ГИХГ-ын дарга Д.Мөрөн “Үрчлэгдсэн хүүхдүүдэд Монгол зан заншил, хэл соёлыг мартагдуулахгүй байх тодорхой хэмжээний үүргийг эцэг, эхчүүд хүлээдэг. Үүний дагуу хүүхдүүддээ Монгол заншлыг таниулах чиглэлээр арга хэмжээ явуулдаг” гэлээ.

АНУ-д төвтэй “Хоулд интернэшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллага манай улсад 17 жилийн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ байгууллагаар дамжин 70 гаруй хүүхэд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн байна. Уг байгууллагын хөтөлбөрийн захирал Поол Ким хэлэхдээ “Хүүхдүүд янз бүрийн шалтгаанаар өнчин өсөж байна. Холд интернэшнл байгууллагын гол зорилго нь хүүхэд бүр эцэг, эхтэй гэр бүлийн орчинд өсөх ёстой гэж үздэг. Тийм учраас бид монголчууд хоорондоо хүүхэд үрчилж авахаас гадна, АНУ-д эцэг, эхтэй болох боломжийг олгодог” гэсэн юм.

Зориг, Нэргүй нарын ээж Жессика Смит “Би сэтгүүлч мэргэжилтэй. 1991 онд аяллаар Монголд очиж байлаа. Бидний амьдарч байгаа газар Монгол сургууль ажиллаж, монголчууд амьдардаг нь хүүхдүүдэд маань Монголын тухай ойлголттой болоход дөхөм болж байна. Бид хөгжим, ахуйн нөлөөгөөр дамжуулан Монголын талаар танин мэдэх олон арга хэмжээг хүүхдүүддээ зориулан зохион байгуулдаг” хэмээн ярьж байв.

Дашрамд дурдахад, ГИХГ-аас өнгөрсөн жил Монгол Улсаас АНУ-д үрчлэгдсэн долоон хүүхдийг гэр бүлийнх нь хамт эх оронтой нь танилцуулах аяллыг зохион байгуулсан байна. Цаашид энэ ажлыг жил бүр зохион байгуулах ажээ.

Эх сурвалж: Гадаадын Иргэн Харьяатын Газар

By updown.mn

Мэдээний админ

One thought on “АНУ-д үрчлэгдсэн монгол хүүхдүүд эх орондоо ирлээ”
  1. ЭНЭ МӨРӨН ТЭТГЭВРЭЭ АВААД ХАЖУУГААР НЬ АЖИЛ ХИЙСЭН БОЛЖ ЦАЛИН АВААД БАЙНА УУ ?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн