Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Засгийн газар, УИХ-ын гишүүд, гишүүд болон төрийн өндөр албан тушаалтангуудын хамаарал бүхий компаниуд зээл авсан мэдээлэл олон нийтэд ил болоод байгаа билээ. Тиймээс тус хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн баасан гаригт ЖДҮХС-ийн болон ХХААХҮЯ-ны нэр бүхий дөрвөн албан тушаалтныг ЖДҮХС-ийн зээлтэй холбогдуулан АТГ-аас саатуулсан.
Тодруулбал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, түүний туслах болон тус сангийн ерөнхий нягтлан нарыг ЖДҮХС-аас зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулаад байсан юм. Тэгвэл хорих хугацааг 30 хоног болгон сунгажээ.
Нийслэлийн прокурорийн газраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн аж.