Ази тивийн аварга, Азийн их наадмын мөнгө, Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Олимпийн наадмын шагналт V байр, Олон улсын А зэрэглэлийн тэмцээний олон удаагийн аварга Монголын шилдэг боксчдын нэг Зоригтбаатарын Энхзориг зуурдаар таалал төгслөө. Монголын боксчид, энэ спортын шимтэн сонирхдог үзэгч, фенүүд, монгол түмэн бүгд харамсан гашуудаж байна.
З.Энхзориг 12-хон настайдаа боксын спортод хөл тавьж, тэр цагаас эхлэн Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын үеийн нөхдийн хамт тууштай хичээллэж ирсэн билээ. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзоригийн гарын шавь нарын нэг байж, түүний удирдлагад олон тэмцээн, уралдаанд амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийд дуурсгаж байв.
Нөхөд нь түүнийг боксын рингэнд ямар ч учраатай таарсан халгах, бэргэх юмгүй зоригтой хүч үздэг. Амьдрал дээр ч гэсэн түүн шигээ шударга зантай, шулуун үгтэй, бодсон санаснаа шуудхан хэлчихдэг хэмээн ярьцгаадаг. Тэр амбицгүй эгэл нэгэн байв. Алдар цол, гавьяа шагналын талаар яригдаж байхад тоох ч үгүй. Бэлтгэлийн хувцас хийсэн үүргэвчээ үүрээд том том алхсаар гараад явчихдаг байсан.
Сонирхогчийн бокс бол улсынхаа төлөө тулалдаг спорт. Тэр тив, дэлхийн олон тэмцээнд улсынхаа нэрийг дуудуулж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн гавьяатай. Азийн аварга, Азийн их наадмын мөнгөн медаль, Залуучуудын ДАШТ-ний хүрэл медалийг эх орондоо авчирсан. Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн, уралдаанд аваргалж байв. Энэ бол хэний ч хүүгийн хувьдамаргүй давуу, хэцүүхэн тулаанууд. Тэр чадсан юм.
Манай Улсын боксын спортын түүхэнд цорын ганцхан Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медалийг З.Энхзориг л авчирсан байдаг. Монголын боксчид хамгийн ид байх үедээ ч энэ медалийг авч байгаагүй. Одоо ч энэ амжилтыг давтаагүй л байна. Энэ бүхнээс үзэхэд Зоригтбаатарын Энхзориг Монгол Улсын гавьяат тамирчны болзлыг аль эрт хангачихсан. Тийм атал хүн нь эгэл, амбиц байхгүй даруу учраас өөртөө санаа тавьсан, хөөцөлдсөн удаа нэг ч үгүй.
Тэр дэндүү залуу насны, эр зоригийн энэ л спортдоо үнэнч үлдсэн юм. Хөлс үнэртсэн бэлтгэлийн зааланд мешоктой нөхөрлөж, боксын рингэнд учраатайгаа үнэн хүчийг үзэж, ялж, ялагдаж хат суусан тамирчны замд шударгаар зүтгэсэн. Харамсалтай байна, цэл залуухан 31-хэн насандаа хорвоог зуурдаар орхисонд Амийг нь аврах гэж Монголын алтан гартай эмч нар бүтэн долоо хоногийн турш нойр хоолгүй зүтгэсэн. Даанч тэр өндрөөс унаж, тархиных нь суурь яс цуурсан учраас найдвар байсангүй.
Хайхрамжгүй, хариуцлагагүй барилгын компани, барилгын чанарт хяналт тавьж, шалгах ёстой Мэргэжлийн хяналтын байгууллагад гомдоход ч багадна. Ийм төртэй байгаа маань эмгэнэлтэй байна. Нийслэлийн орон сууц болгоны гарааш харанхуй, гардаг гарц болгон нь харанхуй нүх байдаг гэж битгий өөрсдийгөө өмгөөлөөсэй. Амьддаа л бие биеэ хайрлах юм сан даа.
Эх сурвалж:www.polit.mn
1 comment
Um sain amgalan boltugai