Нарны харшил зөвхөн зуны улиралд илэрдэг, нарны туяанаас зөвхөн зуны улиралд арьсаа хамгаалах ёстой гэсэн ойлголттой хүн олон байдаг. Тэгвэл жилийн дөрвөн улиралд нарнаас арьсаа хамгаалах ёстой гэнэ. Энэ талаар Арьсны өвчин судлалын төвийн Ерөнхий захирал, Анагаах ухааны магистр, Арьс гоо заслын тэргүүлэх зэргийн их эмч Ц.Уранчимэгтэй ярилцаж, дараах мэдээлэл, зөвлөгөөг авлаа.
-Нарны харшил нь зөвхөн зуны улиралд л илэрдэг гэж хүмүүс ойлгодог. Гэтэл одоо хүйтэрсэн ч гэсэн нарны харшил нь сэдэрчихлээ гэсэн хүмүүс байна. Хүйтний улиралд нарны харшил сэдрэх үү, эсвэл өөр шалтгаан байна уу?
-Уг нь энэ бол улирлын чанартай харшил. Хавар гуравдугаар сараас нарны идэвхжил нэмэгдэж эхэлдэг учраас хавар, зун нарны харшил илүү их тохиолдоно. Харин намар, өвлийн улиралд харьцангуй багасдаг. Гэтэл нарны шалтгаант архаг арьсны өвчтэй хүмүүст улирлын чанар хамаагүй болчихдог. Жилийн дөрвөн улиралд наранд өртөх л юм бол сэдрэнэ. Тиймээс нарнаас хамгаалж, эмэн эмчилгээ хийлгэвэл багасна. Мөн өвөл их цас орсон үед нарны туяа цасан дээр ойж туссанаас наранд мэдрэг байдлыг нэмэгдүүлж болдог. Тийм учраас нарнаас хамгаалах бэлдмэлийг заавал зун биш жилийн дөрвөн улиралд, ялангуяа зун, хавар илүү их түрхээд, өвөл цастай үед бас хэрэглэж арьсаа хамгаалж байх ёстой. Ер нь нарны туяа арьсыг хөгшрүүлдэг болохоор нарны туяанаас хамгаалах тосыг хэрэглэж л байх хэрэгтэй.
-Харшил тусахгүйн тулд, эсвэл харшилтай хүмүүс нарны туяанаас арьсаа яаж хамгаалвал зохих вэ?
-Янз бүрийн арга байна. Жишээ нь, механик хамгаалат байж болно. Энэ нь нарны малгай буюу нүүр халхах саравчтай малгай өмсөх, шүхэр барих зэрэг аргууд байна. Дээрээс нь нарнаас хамгаалах тосон түрхлэгүүд хэрэглэнэ. Нарнаас хамгаалах тос нь SPF8-аас SPF50 хүртэл байдаг. Тэр нь нарнаас хамгаалах хугацааг зааж өгдөг. Мөн PA++, PA+++ гэсэн тэмдэглэгээ бий. Энэ нь нарнаас хамгаалах хүчин чадлыг илэрхийлж байгаа юм. Наранд А, В гэдэг хоёр төрлийн туяа байдаг. Нэг нь А туяанаас, нөгөө нь В туяанаас хамгаалдаг гэсэн үг. Ер нь нарны тос арьсыг дээд тал нь 2-4 цаг хамгаалдаг. Тэгэхээр өглөө нүүр будалтандаа нарны тос түрхчихээд өдөржин хамгаална гэж ойлгож болохгүй. Ялангуяа наранд, гэрэлд мэдрэг хүмүүс үүнийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа гадаа гарахынхаа өмнө тосоо хэрэглэж арьсаа хамгаалах ёстой.
-Ямар хүмүүс гэрэлд мэдрэг байдаг юм бол?
-Тухайн бие махбодын онцлог байж болно. Нарны гэрэлд мэдрэг, эсвэл удамшлын асуудал байж болох юм. Жишээлбэл элэгний өөрчлөлттэй хүн гэрэлд мэдрэг болох тохиолдол байдаг. Бас зарим эмийн бодисуудыг хэрэглэхээр арьс гэрэлд мэдрэг болох магадлалтай. Тиймээс гэрэлд мэдрэг болгодог эм зөвлөж байгаа бол тухайн эмч өвчтөнд наранд гарахдаа нарнаас хамгаалах ёстой, наранд аль болох удаан байж болохгүй талаарх зөвлөгөө, зааврыг өгөх шаардлагатай. Дээрээс нь тухайн хүн наранд явсанаас болж арьс улайгаад загатнаад, өрөвсөөд нарны харшлын шинж тэмдэг илэрч байх юм бол шалтгаанаа өөрөө анзаарах ёстой. Мөн наранд аль болох өртөхөөс сэргийлэх хэрэгтэй. Нарны туяанд хүн гэртээ ч, ажил дээрээ ч, байшин дотор ч байсан өртөж болно. Цонхоор нарны туяа тусч байгаа учраас зөвхөн гадаа нарны туяанд өртөнө гэж ойлгох нь өрөөсгөл юм.
-Эмний тухайд чухам ямар эмнээс шалтгаалж гэрэлд мэдрэг болдог юм бол?
-Нэлээд хэдэн төрлийн эмүүд бий. Гэхдээ эм гэхээр хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг эм биш л дээ. Жишээ нь, тетрациклиний бүлгийн антибиотекуудыг хэлж болно.
-Нарны туяанаас харшиж байна гэдгээ анх яаж мэдэх вэ. Тодорхой ямар шинж тэмдэг илрэх үү?
-Нарны туяанд өртөөд харшилж байгаагаа яаж анх мэдэх вэ гэхээр биеийн зөвхөн ил гарч байгаа хэсгүүдэд шинж тэмдэг илэрдэг. Нүүрний төвгөр хэсгүүд болох хамар, хацар, шанаа, дух илүү амархан улайж, өрөвсөх шинж тэмдгүүд илэрч болно. Мөн хүзүү, мөчидийн гадна гадаргуу илүү их наранд өртөмтгий байдаг. Нарны гэрэлд хариу урвал үзүүлж дээрх хэсгүүдэд тууралт гарах, арьс улайх, загатнах шинж илэрч болно. Энэ үед мэргэжлийн эмчид хандаж оношлуулаад зөвлөгөө авах ёстой. Энэ шинж нь дахин дахин давтагдаад олон жил үргэлжлэх юм бол нарнаас шалтгаалсан арьсны архаг өвчин буюу дерматитэкзема /нарнаас шалтгаалсан арьсны экзема/ болно. Энэ үед нарны шалтгаант тууралт нь илүү голомтолж үрэвсэх, арьсны өнгө өөрчлөгдөх, арьс гуужих, хогжруутах зэрэг шинжүүд илэрдэг. Ингээд ирэхээр улирлын чанар хамааралгүй болно гэсэн үг. Ялангуяа нарны харшил нь мэргэжлээс их шалтгаалдаг. Гадаа байнга ажилладаг хүмүүс, малчид, барилгынхан, замынхан, замын цагдаа зэрэг хүмүүс энэ төрлийн харшлыг тусах магадлалтай. Тиймээс нарны харшил нь мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн нэг болдог.
-Нарны харшил, хүйтний харшил хоёр ижил төстэй мэтээр ойлгох хүмүүс байдаг. Илрэх байдал нь ямар ялгаатай байдаг вэ?
-Хүйтний харшил гэдэг нь хүйтэнд мэдрэг болно гэсэн үг, шалтгаан нь хүйтнээс үүдэлтэй. Энэ нь даарах үед, мөн даарч байгаад халуун газар орж ирэх үед харшил нь гардаг. Илрэх байдлаараа энэ хоёр харшил огт өөр. Хүйтний харшил нь “чонон хөрвөс” байдлаар илэрнэ. Чонон хөрвөс гэдэг нь биеэр бэлцрүүтэй тууралт гарч загатнаж, маажихаар томордог. Шумууланд хазуулахаар бэлцрүүтдэгтэй адил гэсэн үг. Гэтэл нарны харшлынх бол далд газар гардаггүй, биеийн ил хэсгээр л биржгэр тууралт гардаг.
-Арьсны өвчин судлалын төвөөс нарны харшлын үед комфидерм болон цайрын исэлтэй тосыг зөвлөдөг юм билээ. Гэвч эдгээр тос нь хүртэл үйлчлэхээ больсон тохиолдолд яах вэ?
-Нарнаас шалтгаалсан харшлын эмчилгээний хувьд гэвэл мэргэжлийн эмчид үзүүлээд мэдрэгшил бууруулах харшлын эсрэг эм ууж болно. Хэсэг газарт нь гармонитой тосон түрхлэг түрхэж болно. Заавал комфидерм гэхгүй, харшлын эсрэг маш олон төрлийн эм байгаа шүү дээ. Хэр зэрэг хурц шинэ байна, хэр зэрэг архаг удаан үргэлжилсэн байна гэдгээс хамаарч тухайн эмч өөрөө эмчилгээний сонголтоо хийж болно. Комфидермийн хувьд бол анитбиотек, гармони, мөөгөнцрийн эсрэг гэсэн гурван найрлагатай. Үүнийг ямар ч төрлийн харшилд хэрэглэж болно. Гэхдээ нэг эмийг удаан хугацааны туршид олон дахин хэрэглээд байхаар мэдээж үйлчилгээ суларна. Дээр нь хэсэг газар гаж нөлөөнүүд илэрч болно. Харин үүнд дур мэдэн эмчилгээ хийхийг хориглоно. Заавал мэргэжлийн эмчид хандаж ямар үе шатандаа явж байна, тухайн моментод ямар эмчилгээ, зөвлөгөө өгөхийг эмч нүдээрээ харж байж л хэлнэ. Түүнээс биш хоёр жилийн өмнө зөвлөсөн эмийг байнга түрхээд байвал үйлчилгээгүй болно. Бас гармонитой тосыг удаан хугацаагаар арьсан дээр замбараагүй хэрэглэвэл гаж нөлөө гарна, хэсэг газрын арьс харлах, хатингарших зэрэг сөрөг үр дагавар гарч эхэлнэ. Ялангуяа хүний нүүрэнд болгоомжтой хэрэглэж болно. Гармонитой тосоо түрхчихээд наранд гарч болохгүй. Тэгэхээр үдээс өмнө бол гадагш гарахгүй бол түрхэж болно.
-Эрэгтэйчүүдийн хувьд тэр болгон нүүрэндээ тос түрхээд байдаггүй. Сүүлийн үеийн залуус харин бага сага хэрэглэх байх. Тос түрхдэггүй хүмүүст Та ямар арга зөвлөх вэ?
-Харин ч эрэгтэй хүмүүс нүүрний будалт хийдэггүй болохоор тосоо ойр ойрхон түрхэх илүү боломжтой. Өнгөгүй тос учраас үүнд санаа зовох асуудал байхгүй шүү дээ. Зун бол шүхэр бариад, малгай өмсөөд явж болно.
-Харшилтай хүмүүс хэлдэг л дээ, байж ядтал маш их загатнадаг гэж. Яг тэр үед ямар арга хэмжээ авч тайвшрах боломжтой вэ?
-Тэр үед харшлыг бууруулах, загатнаа намдаах эмүүд ууж болно. Ер нь манайд цаг уурын онцлог, наранд өртөх давтамжаас шалтгаалаад нарны харшил бас элбэг тохиолдож байгаа. Гол нь нарнаас хамгаалах аргуудыг, нарнаас хамгаалах тосоо байнга хэрэглэж байхгүй бол харшлаас гадна нарны туяа нь арьсыг нөсөөжүүлж, үрчлээтүүлдэг гэдгийг санах хэрэгтэй.
-Үнэтэй зөвлөгөө мэдээлэл өгч ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
Ярилцсан: Я.ХУЛАН