УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр (2018.11.02) Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлэгт санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр танилцуулав.
Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/ 2019 онд 9,676.5, 2020 онд 10,713.5 , 2021 онд 11,844.7 буюу Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2019 онд 27.48, 2020 онд 26.4, 2021 онд 26.4, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 2019 онд 11,589.8, 2020 онд 12,393.6, 2021 онд 12,901.1 буюу ДНБ-д эзлэх хувь 2019 онд 32.8, 2020 онд 30.6, 2021 онд 28.7, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ 2019 онд -1,913.3, 2020 онд -1,680.1, 2021 онд -1,056.4 буюу ДНБ-д эзлэх хувь 2019 онд -5.4, 2020 онд -4.1, 2021 онд -2.4, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 2019 онд 3,251.8, 2020 онд 3,100.2, 2021 онд 2,927.3 буюу ДНБ-д эзлэх хувь 2019 онд 9.2, 2020 онд 7.6, 2021 онд 6.5, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/ 2019 онд 19,551.6, 2020 онд 19,390.8, 2021 онд 18,383.6 буюу ДНБ-д эзлэх хувь 2019 онд 55.3, 2020 онд 47.8, 2021 онд 41.0 хувь байхаар тус тус тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Оюундарь, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, хариулт авcны дараа хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.
Мөн 2019 оны төсвийг дагаж өргөн мэдүүлсэн Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрын тусгай сангийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Боловсролын тухай хууль зэрэг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Батлагдсан хуулиудыг бид дэлгэрэнгүй танилцуулах болно.
АН-ын бүлэг тодорхойгүй хугацаагаар чуулган, байнгын хороодын хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн тул өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцоогүй юм.