Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг улсын хэмжээнд үнэлэх тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нарын хамтарсан тушаал гарсан.
Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага тууштай хангагдаж чадахгүй байгаа учир улам бэхжүүлэхийн тулд эрс шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай байгаа аж.
Дээрх тушаалын дагуу үнэлгээ өгөх хүрээнд Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хуулийг төрийн албан хаагчдаар судлуулсан байдал, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 258 дугаар тогтоол, Төрийн албаны ажилтны улсын зөвлөгөөний мөрөөр хийсэн ажлын үр дүнг байгууллага нэг бүрээр шалгана. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийн ажил, мэргэшлийн түвшин, тухайн хүний ажил хэргийн чадвар, ажлын гүйцэтгэл, ёс зүйн байдлыг хүн нэг бүрээр шалгаж дүгнэх юм.
Төрийн албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Төв комиссыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж байна. Комиссын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Удирдлагын академи зэрэг байгууллагын төлөөлөл оржээ.
Төв комисс ажлынхаа дүнг нэгтгэн, цаашид авах арга хэмжээний саналаа арванхоёрдугаар сарын 20-ны дотор Засгийн газарт танилцуулах юм байна.