Өчигдөр буюу /2018.11.01/ технологийн аварга компани Гүүглийн мянга, мянган ажилтан тус компани дахь бэлгийн дарамт, хүйсээр ялгаварлах үзлийг эсэргүүцэж жагсжээ. Тэмцэлд АНУ-аас гадна Сингапур, Лондон, Токио, Берлин дэх салбарууд нэгдсэн байна.
#GoogleWalkout хаштагтай уг хөдөлгөөнд оролцогчид тус тусын амьдардаг бүс нутгийн өглөөний 11:00 цагт ажлын ширээгээ орхин гарч жагсцгаажээ. Гүүглийн гүйцэтгэх захирал Сундар Пичай тэмцлийг дэмжиж, ажилчдынхаа дуу хоолойг анхааралтай сонсохоо илэрхийлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Нью Йорк Таймс сонинд Андроид системийг зохион бүтээгч Энди Рубин хамт ажилладаг эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн шалтгаанаар тус компаниас явсан тухай баримтыг дэлгэсэн юм. Гүүгл компани хэргийг нуун дарагдуулахын тулд Рубинд $90 саяыг өгч компаниас явуулсан тухай мэдээлжээ.
Үүний дараа Гүүгл ажилчдадаа хандаж тайлбар гаргасан юм. Тайлбарт компани Рубинд мөнгө төлж явуулсныг няцаасан ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 48 ажилтнаа бусдад бэлгийн дарамт үзүүлсэн шалтгаанаар халсны 13 нь удирдах дээд албан тушаалтан байсныг хүлээн зөвшөөрсөн байна.
Өчигдөр жагссан ажилчид Гүүглийн нийт ажиллах хүчний 31 хувь, удирдах албан тушаалтнуудын 25 хувь нь эмэгтэйчүүд байгааг дурдаж, хүйсийн тэгш харьцаанд анхаарал хандуулахыг шаарджээ. Ер нь Гүүгл компанийн ажилчид үе үе компанийнхаа бодлого шийдвэрийг эсэргүүцэн жагсдаг болоод байгаа. Саяхан тус компани хиймэл оюуны технологио АНУ-ын армид ашиглуулах Maven нэртэй төслөө зогсоосон нь ажилчдын эсэргүүцэлтэй тулгарснаас болсон. Мөн Хятадын зах зээлд цензуртай хайлтын систем нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг эсэргүүцэж зарим нарийн мэргэжлийн ажилтнууд нь Гүүглээс гарсан юм.
Эх сурвалж: AFP