Жил бүр төрөөс олгодог 5.8 тэрбум төгрөгийн төсөв бүхий хүүхэд харах үйлчилгээнд 6,000 гаруй хүүхэд хамрагддаг. Гэтэл ирэх 2019 оны нэгдсэн төсөвт хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг 2.6 тэрбум төгрөг болгон бууруулжээ. Үүнийг хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг цаашид хаах болон хүүхэд хамгааллын эсрэг төрөөс явуулж буй бодлогын нэг хэлбэр хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтал-2030 болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.2-р хэсэгт, “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгоно гэж тусгасан байдаг. Гэвч улсын хэмжээнд жил бүр цэцэрлэгт хамрагдах насны 250-300 мянган хүүхэд байдаг ч тэдний 70-80 мянган нь цэцэрлэгт хамрагдаж чадалгүй, гэртээ харгалзах хүнгүй цоожлогдон, эрсдэлтэй нөхцөлд үлддэг гэсэн тоо баримт байдаг талаар бид мэдээлж байсан билээ.
Эдгээр цэцэрлэгт хамрагдаж чадалгүй хоцордог 70-80 мянган багачуудад зориулан 2012 онд УИХ-ын зарим гишүүд нэгдэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль санаачилж, УИХ-д өргөн барьж, 2016 оноос одоог хүртэл хэрэгжиж байна. Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш жил бүр 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс олгож, стандарт, журмын дагуу жил бүр 400 гаруй Хүүхэд харах төв байгуулагдаж, гурван жилийн хугацаанд 17,000 гаруй хүүхэд амь нас, эрүүл аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан талаар хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид дурдаж байлаа.
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид “Бид улсаас цалин урамшуулал, эд материал, үйл ажиллагаа явуулах орон байр, засвар үйлчилгээний төлбөр огт нэхээгүй. Бид өөрсдийн хувийн зардлаасаа энэ бүхнийг ханган үйл ажиллагаагаа эрхэлж, төрд дарамт учруулалгүй явж байна. Гэтэл бидний үйл ажиллагааг дэмжих биш, төсвөө улам хасаад байгааг мэдэхээр төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын 76 гишүүнд шаардлага хүргүүлэхээр бэлдээд байна” гэлээ.
Хүүхэд харах үйлчилгээний төсвийг 2.6 тэрбум төгрөг болгож танаснаар жил бүр хамрагдаж буй нийт хүүхдийн тал нь гэртээ үлдэхээс аргагүй болох ба энэ нь ойролцоогоор 3,000 гаруй хүүхэд гэсэн үг юм. Энэ талаар УИХ-ын зарим гишүүн, бодлого төлөвлөгч нар “Цалинтай ээж” болон “Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбогдуулан төсвийг буруулсан гэх тайлбарыг өгсөн талаар мэдээлэв.
Хүүхдээ гэртээ харж буй эхчүүдэд сар бүр 50 мянган төгрөг өгөх зохицуулалттай “Цалинтай ээж” хөтөлбөрт ирэх онд 96 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ. Налайх дүүргийн хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч н.Болормаа ” Бид аль ч хөтөлбөр, төслийн эсрэг зогсоогүй, “Цалинтай ээж” болон хүүхэд харах үйлчилгээ хоёр хамтраад явах боломж байна. “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж буй эхчүүд ажил эрхлэлгүй, гэртээ зөвхөн хүүхдээ харж суудаг гэж хэлж болно.
Харин хүүхэд харах үйлчилгээ нь сард 60 мянган төгрөг төлөөд л хүүхдээ хүүхэд харах үйлчилгээнд хамруулаад, өөрөө бүтэн цалинтай ажил эрхлэх боломжийг олгож, амьжиргааны түвшинг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа ялгаатай юм. Төсөв батлагчид энэ мөнгө зөвхөн хүүхдийг аюулгүй орчинд хамгаалах л зорилготой мөнгө гэдгийг ойлгох хэрэгтэй байтал үүнийг яагаад танаад байгааг бид мэдмээр байна” гэлээ.
Эх сурвалж: IKON.mn