Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага хийгээд, хэрхэн өөрчлөлт оруулах тухай Үндсэн хууль судлаач иргэн Д.Ламжавтай цөөн хором ярилцлаа.
Тэрээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан ажлын хэсэгт багтсан юм. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага хүнд нь бус, тогтолцоонд байгаа юм.
-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий юү. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Мэдээж шаардлага бий. Үндсэн хуулийг сайжруулах шаардлага байгаа гэдгийг судлаад тогтоочихсон зүйл. Шаардлагатай эсэх талаар хоосон маргаан их явах юм. Парламентын засаглалаа илүү төгөлдөржүүлэх шаардлага бий. Үндсэн хуульд байгаа эрх мэдлийг хуваарилалтын тогтолцоо ч гэж ярьж болох юм. Энэ тогтолцоонд том асуудал байгаа.
Гэтэл нэр нөлөө бүхий томоохон академич, хуульчид тогтолцоонд бус, хүнд нь асуудал байгаа мэтээр ярьж байна. Үндсэн хуульд жаахан л зүйл дээр өөрчлөлт хийх гэж байгаа. Тэр нь Ерөнхий сайдад кабинетаа толгой мэдүүлэн бүрдүүлэх эрхийг олгох гэж байгаа юм. Одоо бол УИХ томилж байгаа. Энэ бол эрх мэдэл хуваарилалтын зарчмыг алдагдуулдаг гэдэг шүүмжлэлд өртдөг. Үүнийг л засъя гэж байгаа юм.
-Парламентын засаглалтай оронд Ерөнхийлөгчийн эрх мэдэл ямар байдлаар зохицуулагдах ёстой вэ?
-Ерөнхийлөгчийн эрхийг нэлээд танах шаардлагатай байгаа юм. Энэ бол тодорхой Ерөнхийлөгчтэй холбоотой биш юм. Парламентын засаглалтай орныхоо сонголтыг баримтлах үүднээс юм. Манайх тэр тал дээр нэлээд хязгаарлагдмал талтай. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийг олон тийш хувааж цалгардуулчихдаг. Парламентийн эрх баригч нам болон Ерөнхийлөгч нь өөр, өөр нам байдаг. Үүнээс болж олон зөрчил гардаг. Ерөөс Үндсэн хуульд байгаа том дутагдал нь улс төрийн тэмцлийг шийдвэрлэж чадахгүйд хүрээд байгаа юм.
-Ерөнхийлөгч Х.Баттулга намрын Чуулганы нээлтийн үеэр тогтолцоондоо өөрчлөлт оруулах тухай ярьсан. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ерөнхийлөгчийн үгийг сонссон. Үндсэн хуульд маш их асуудал байна, тогтолцооны том өөрчлөлт хийе гэж хэлж байна лээ. Тогтолцооны том өөрчлөлт нь яг юуг хэлж байгааг ойлгоогүй. Ерөнхийлөгчийн засаглалд шилжүүлье гэж хэллээ гэх хүмүүсийн таамаг бий. Ямартай ч маш их өөрчлөлт хийе гээд байсан. Ер нь бол төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж гурван хэсэгт хуваана. Энэ гурав тэнцвэртэй байх ёстой. Нэг нь нөгөөдөө загнуулаад байдаггүй, хянадаг, нэг нь нэгнийхээ ажил руу давхиж ороод байдаггүй байх ёстой. Бид нэгэнт Парламентын засаглалыг сонгосон. Ерөнхийлөгчийн засаглал тогтооно гэдэг ч юм уу өөр байдлаар хандах ёсгүй.
-УИХ-ын гишүүний “давхар дээл”-ний тухай маргаан шүүмжлэл дагуулдаг. Үүнд ямар бодолтой байдаг вэ?
-Засгийн газарт УИХ-ын гишүүн олон байх нь зохисгүй. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно, бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй гэсэн байдлаар цэгцэлмээр санагддаг. Тухайн хүний удирдлага дор хэзээ нэгэнт цагт өөрийнх нь эсрэг арга хэмжээ авах хүн байна гэдэг зохимжгүй зүйл юм. Үндсэн хуульд оруулах ёстой өөрчлөлтийн нэг бол энэ юм.
Эх сурвалж: Itoim.mn