Байгал нуурын экологид нөлөөлж болох учраас Сэлэнгэ мөрөн дээр өөрийн усан цахилгаан станц байгуулахын оронд ОХУ-аас эрчим хүч нийлүүлэх тухай саналын хариуг Монгол Улс одоогоор хараахан өгөөгүй байна. Энэ тухай ОХУ-ын эрчим хүчний сайдын орлогч Андрей Черезов өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлсэн байна. “Нөхөн олгох хүрээнд өөрийн хүчин чадлаар нийлүүлэхээр бидний тавьсан саналд ямар нэг хариу алга байна…
Монгол Улсад энэ нь тийм ч сонирхолтой, хэрэгтэй зүйл хараахан биш бололтой. Хэрэв яаралтай нөхөх шаардлагатай тодорхой хүчин чадлын хомсдол байсан бол энэ асуудлаар ямар нэг шийдвэрийг идэвхтэй,яаралтай гаргах байсан болов уу” хэмээн орлогч сайд хэлсэн гэж ТАСС агентлагт онцолсон байна. Тэрээр ОХУ-ын Эрчим хүчний яам Байгал нуурын экологид хор уршигтай учраас Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц байгуулахын эсрэг нэг мөр байр суурьтай гэдгийг онцолж тэмдэглэсэн.
Түүний хэлснээр Орос улс өөрийн станцаас Монголд цахилгаан эрчим хүч нийлүүлэхэд бэлэн аж. Энэ сэдвээр ойрын үед хэлэлцээ хийх асуудал яригдахгүй байна хэмээн Черезов нэмж хэлэв. Сэлэнгэ мөрөн, түүний цутгал голууд дээр усан цахилгаан станц байгуулж Монголын эрчим хүчний хомсдолыг хангах төлөвлөгөөг сүүлийн хэдэн жилийн турш хэлэлцэж байгаа. Өмнө нь “Шүрэн” төслийг санхүүжүүлэхэд бэлэн байгаагаа Дэлхийн банк мэдэгдэж байсан. 2017 онд Орос улсаас Монголд эрчим хүч нийлүүлэх асуудлыг боловсруулж эхэлсэн.
ОРОС УЛСЫН CAHAЛ
Сибирьт үйлдвэрлэгдэж байгаа эрчим хүчний чадлаас цахилгаан дамжуулах шугамаар дамжуулан эрчим хүчээр дутагдаж байгаа Монгол Улсад цахилгаан эрчим хүч нийлүүлэх саналыг өмнө нь Орос улсын “Россети” компани тавьсан. Монгол Улсын эрчим хүчнээс тусгаарлагдсан алслагдсан бүс нутгийг эрчим хүчний нэгдсэн системд хамруулан дараа нь Буриад улс, Байгалийн чанад дахь хязгаараар дамжин ОХУ-д буцаж нийлэх чиглэл бүхий 1 ГВт цахилгаан эрчим хүч нийлүүлэхэд зориулсан 500 кВ хүчдэлийн ангиллын цахилгаан дамжуулах шугам барьж байгуулах төслийг хоёр улсын нутаг дэвсгэр дээгүүр дамнуулан Монголд хүргэх төслийг тус компани санал болгосон.
2018 оны Дорнын эдийн засгийн форумын хүрээнд “Россети” компанийн тэргүүн Павел Ливинский сэтгүүлчдэд мэдээлэхдээ түүний удирдсан эрчим хүчний сүлжээний холдинг Монгол Улсад цахилгааны сүлжээ байгуулах төслийг боловсруулах ажил үргэлжилж байгаа, тухайлбал, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, төслийн боловсруулалтыг чанарыг илүү сайн болгохын тулд эх сурвалжийн мэдээ баримт цуглуулах ажил хийж байна хэмээн өгүүлсэн.
О.Энхээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин