Индонезийн Lion Air компанийн байнгын үйлчлүүлэгчдийн нэг, Индонезийн Сангийн яамны ажилтан Сони Сетьяван өчигдөр болсон “Боинг” онгоцны сүйрлээс тун азтай байдлаар амьд мэнд мултарч чаджээ.
Тэрбээр замын түгжрэлд орсны улмаас онгоцноосоо хоцорч, амьд үлдсэн байна. Сетьявины хэлж буйгаар сүйрсэн онгоцонд ажлынх нь 20 орчим хүн, найзууд нь байсан гэжээ. Харин тэр түгжирч, түгжирч, онгоц хөөрснөөс 10 минутын дараа нисэх онгоцны буудал дээр иржээ.
“Ихэвчлэн би Жакартад өглөөний 03 цагт ирдэг юм. Харин энэ удаад 06:20 цагт ирж, онгоцноосоо хоцорчихсон” хэмээн Франс-Пресс агентлагт ярьсан байна.
Түүнчлэн тэрбээр Пангклапинанг руу өөр онгоцоор ниссэнийхээ дараа л өөрийнх нь сууж явах гэж байсан онгоц сүйрснийг мэджээ.
“Манай гэр бүл шоконд орж, ээж уйлсан гэсэн. Харин би бүх зүйл хэвийн, хувь заяандаа талархах хэрэгтэй гэж хэлсэн” хэмээн Сетьяван өгүүлжээ.
Lion Air компанийн “Боинг” онгоц өчигдөр Ява арлын ойролцоо сүйрсэн юм. Онгоцны ослын улмаас 189 хүн амиа алджээ.