Архангай аймаг төдийгүй улсын хэмжээнд орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт анх удаа Сумын сурвалжлагч гэсэн бүтцийг “Архангай медиа” групп бий болголоо. Ингэснээр тус медиа группийн “Архангайн амьдрал” сонин, “АВ” телевиз, “Архангай” сэтгүүл, “Архангай медиа” студи, ekhoron21.mn сайтаар сумдын мэдээллийг цаг алдалгүй цацах боломж бүрдэж байна.
Олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлэх, хараат бусаар ажиллах зорилготойгоор 2003 оноос эхлэн тогтвортой ажиллаж байгаа “Архангайн амьдрал” сонин, 2011 онд байгуулагдсан “АВ” телевиз үйл ажиллагааны хүрээгээ тэлж, медиа групп болсон юм. Аймгуудад ийм цогц бүтцээр ажиллаж байгаа мэдээллийн хэрэгслүүдийн анхдагчдын нэг нь “Архангай медиа” групп болж байна.
Тус групп нь үйл ажиллагааны чиглэлээ нэмэхийн зэрэгцээ хүртээмжээ өргөжүүлэх зорилгоор хөдөөгийн иргэдэд хүрэх, орон нутгийн мэдээллийг түгээх ажилд ахиц гаргахыг чухалчилж, аймгийнхаа бүх суманд сурвалжлагчтай боллоо. Сурвалжлагч нараа арга зүйн анхан шатны сургалтанд ч хамруулаад байна. Цаашид тэднийг чадавхжуулах олон талт ажлыг тасралтгүй хийх юм. Сумдын байгууллага, иргэд, аж ахуйн нэгж эдгээр төлөөллөөр дамжуулан “Архангай медиа” групптэй хэвлэл мэдээллийн бүхий л чиглэлээр хамтран ажиллах боломж ч илүү нээлттэй болов.