Японы ерөнхий сайд Шинзо Абэ аравдугаар сарын 25-27-нд Хятадад албан ёсны айлчлал хийлээ. Японы Ерөнхий сайд 7 жилийн дараа Хятад улсад айлчилж буй учраас дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татсан юм. Абэгийн айлчлалын анхны өдөр Хятадын халуун тогооны HaiDi Lao Hotpot сүлжээ ресторан, Японы электрон барааны Panasonic компанитай хамтран Бээжин хотод ухаалаг ресторан нээх болсноо мэдэгдлээ. Тус хоёр компанийн хамтын ажиллагаа Хятад, Японы харилцааг идэвхтэй хөгжиж буйн нэг жижиг жишээ хэмээн хэвлэлүүд онцлов. Хятад улсын дарга Ши Жиньпин, Японы засгийн газрын тэргүүн нарын хамтын удирдлагаар хоёр орны харилцаа хэвийн байдалд орж, цаашид хэрхэн хөгжих нь хоёр тал ажил хэрэгч хамтын ажиллагаагаа хэрхэн хөгжүүлэхээс шалтгаалах болно. Хятад, Япон хоёр орон цаашдын ажил хэрэгч хамтын ажиллагаандаа дараах гурван зүйлийг чухалчлах хэрэгтэй хэмээн ажиглагчид үзлээ.
Нэгд. Хоёр орон улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэх. Энэ сарын 25-нд Хятад, Японы ерөнхий сайд нар Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээний 40 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцож, үг хэлсэн юм. Энх тайван, найрамдлын гэрээ тавхан заалттай ч хоёр орны найрсаг харилцааны гараа гэдгийг бид санаж явах ёстой гэж Шинзо Абэ урьд хэлж байсан бол Ли Кэчян тус гэрээ Хятад, Японы энх тайван харилцаа, үеийн үед найрсаг байх нөхцөлийг бүрдүүлж, Хятад, Японы нэгдсэн мэдэгдлийн бүх заалт зарчмыг баталсан. Үүнд Японы тал дайны хариуцлагаа ухамсарлах, нэг Хятадын зарчмыг баримтлах зэрэг байр суурь ч багтсан гэжээ.
Хоёрт. Хоёр тал харилцан ашигтай, хамт хөгжих боломжийг нэмэгдүүлэх. Энэ жил Ши Жиньпиний “Нэг бүс нэг зам” санаачилга дэвшүүлсний 5 жилийн ой тохиож буй. Энэ оны тавдугаар сард Ли Кэчян Японд айлчлах үед хоёр тал гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай нийтлэг ойлголтод хүрсэн. Абэ “Урьд нь Япон, Хятадын дэд бүтцийн салбар дахь тендерийн өрсөлдөөн ширүүн байсан ба өөрийн өртгийн өрсөлдөөн санасан үр дүнд хүрээгүй. Тиймээс цаашид хоёр тал хамтын ажиллагаагаа аль болохоор илүү хөгжүүлнэ” гэжээ.
Гуравт. Хоёр талын нийгэм соёлын харилцааны царцанги байдлыг эцэс болгох. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа нягт байгаа ч соёлын болон иргэд хоорондын солилцоонд хөгжлийн илүү их орон зай үгүйлэгдэж байгаа аж. Хоёр талын сүүлийн үед хийсэн “Хятад, Японы харилцааны олон нийтийн санал асуулгын судалгаа”-наас үзвэл, Хятадын ард иргэдийн 42.2 хувь нь Японд “сайн” буюу “гайгүй” гэсэн үнэлгээ өгсөн бол Японы ард иргэдийн ердөө 13.1 хувь нь Хятадад эерэг үнэлгээ өгчээ. Японы хэвлэл мэдээлэл энэ царцанги байдлыг шүүмжлэн илүү эерэг, ухаалаг байхыг ард түмэндээ уриалсан байна.
Дэлхийн хоёр, гурав дахь том эдийн засгийн цогц болох Хятад, Япон хоёр улс энэ гурван асуудлыг илүү анхаарч хөгжүүлбэл Ази тив төдийгүй дэлхийн хөгжил, тогтвортой байдалд илүү их нөлөө үзүүлэх нь дамжиггүй гэж БНХАУ-ын хэвлэлд тэмдэглэжээ.