Бээжин хотын Анзень эмнэлэг, мөн Өвөр Монголын Ардын эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нар саяхан манай улсад ирээд буцжээ. Тэд зүрхний төрөлхийн өвчтэй 47 монгол хүүхдийг эх орондоо аваачиж, үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болсон байна. Энэ тухай The Global Times лхагва гаригт дэлхий нийтэд мэдээллээ.
Хятад, өвөр монгол эмч нар зүрхний төрөлхийн гажигтай монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж байгаа анхны тохиолдол энэ биш бөгөөд өнгөрсөн жил Анзень эмнэлэг, Өвөр Монголын Ардын эмнэлэг 50 монгол хүүхдэд ийм төрлийн хагалгаа хийсэн юм. Энэхүү хүмүүнлэгийн ажлыг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан загалмайн нийгэмлэгээс санаачилж, нийт 100 зүрхний төрөлхийн гажигтай монгол хүүхдэд үнэгүй хагалгаа хийх зорилго тавьсан нь ийнхүү биеллээ олж байна. Судалгаагаар манай улсын 500 төрөлт тутамд 10-12 зүрхний төрөлхийн гажигтэй хүүхэд төрж байгаа аж.
Түүнчлэн дауны синдромтой нийт хүүхдийн тал хувь нь заавал зүрхний өвчтэй төрдөг гэнэ. БНХАУ, Өвөр Монголын эмч нараас гадна Өмнөд Солонгосын эмч нар сайн дураараа манай улсын зүрхний өвчтэй хүүхдүүдэд анхаарал хандуулж, мөн л үнэ төлбөргүй мэс заслыг нэг бус удаа монгол эмч нартай хамтран хийж байсан юм. 2018 оны байдлаар монгол, солонгос эмч нар 18 бага насны хүүхдэд зүрхний хагалгааг амжилттай хийсэн байна.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин