МАН-ын залуучуудын байгууллага НАМЗХ-ын тэргүүн өөрчлөгдөх сураг сонсогдож эхэллээ. 20 гаруй жил улстөрийн албан тушаалын гишгүүр болж ирсэн тус намын залуучуудын байгууллагын тэргүүний суудлыг МАН доторх фракцууд аль аль нь алдахгүйг хичээж байгаа гэнэ.
Туршлагаас харахад залуучууд энэ байгууллагын хаалгаар орж ирээд НАМЗХ-ын Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч болмогцоо хэдхэн жилийн дараа УИХ-ын гишүүн, дэд сайд болон дэвшсэн байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар НАМЗХ-г удирдаж байсан.
Залуучууд нь улс төрд орох зам мөр нь шулуун болчихдог гэдэг утгаар НАМЗХ-ын удирдлагын баг руу нэлээн их тэмүүлдэг бөгөөд тэдний амбиц, хор бас дийлдэггүй.
МАН-ын Удирдах зөвлөл Улс төрийн сонгуульд оролцоход залуучуудын дэмжлэг хэрэгтэй гэдэг өнцгөөр хардаг НАМЗХ-нд чамлахааргүй хэмжээнд найр тавьдаг учраас энэ намын залуучуудын амбиц дийлдэхээ больсон. Тэдний толгойд МАН-ын дүрэм, дэг жаягыг суулгах гэж оролдох нь “илжигний чихэнд ус хийсэн”-тэй ижил хэрэг шахам болчихоод байгаа.
Харин энэ удаа МАН залуучуудын байгууллагын Ерөнхийлөгчөөр мөнгөтэй хүн тавих бодолтой байгаа бололтой. Шинэ Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Их засаг сургуулийн оюутны төлбөрийн эзэн Н.Учралын нэр яригдаж байна. Нөгөө талд Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн нэр дуулдаж буй юм. Тэднийг албан бусаар хоёр хуваагдсан МАН-ын УИХ дахь 33 болон 32-ын бүлгээс сойж байгаа гэнэ.