Унгарын Будапешт хотноо болж буй бөхийн чөлөөт болон сонгомол барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд барилдсан Баатарын ШООВДОР хүрэл медалийн төлөөх барилдаанд Мексикийн бөх Ромеро Бонильяг 4:2 оноогоор ялж, дэлхийн аваргын медальтан боллоо /2018.10.23/. Мөн өчигдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын Гавьяат тамирчин , Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван хүрэл медальт О.Насанбурмаа Дэлхийн аварга цолны төлөө барилдахаар шалгарлаа.
Тэрбээр өнөөдөр /2018.10.24/ алтан медалийн төлөө Канадын бөх Жастина Ди Стасиотой барилдана. Монголын тамирчдаас Гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу 10 дахь удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй. Тодруулбал, тэрбээр Гуанжоу-2006, Токио-2008, Москва-2010, Стамбул-2011, Страткон-2012, Будапешт-2013, Ташкент-2014, Лас-Вегас-2015, Парис-2017, Будапешт-2018 гэсэн ДАШТ-үүдэд оролцож, гурван хүрэл медалийг эх орондоо авчирсан юм.
Ийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн тэмцээн дуусч, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр үргэлжилж байна. Монголын эрэгтэй багийн тухайд зургаан тамирчин эхний долоон байрт бичигдсэн ба 1 хүрэл медаль хүртэж, хоёр тамирчин 5, гурван тамирчин 7-р байр эзэлж, Будапештийн дэвжээнд өрсөлдсөн 63 багаас 57 оноогоор VII байрт бичигджээ. Өнгөрсөн онд эрчүүд 11-д жагсч байсан юм.