Яллагдагчаар татсан Э.Бат-Үүлийн хэргийг хэрхэх бол?

“Хөгжлийн банкны” гэх том модноос салаалсан, тус банкнаас санхүүжүүлсэн олон төсөл хөтөлбөрийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй үйлдлүүдийн нэг нь “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулга нартай холбоотой байдаг. А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа компанийн дүрэм, үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон. Тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан билээ. Түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн ч өнгөрсөн хавар нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас хойш таг чиг болов.

А.Гантулгатай холбоотой үйлдэлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группийн санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон юм. А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Энэ нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэж үзэх үндэслэл бий юм билээ.

Түүний хүү Б.Чулуудай захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь нэг хэсэг дуулиан болсон. Энэ зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн аж.

Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татсан” гэсэн юм.

Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг АТГ-ынхан шалгаж, гэм буруутай байж болзошгүй хүмүүсийг яллагдагчаар татсан боловч шүүх, прокурорынхон шийдвэрлэлгүй удааширч байгаа нь харамсалтай. Уг нь шүүх, прокурорын байгууллагынхан энэ мэт олны анхаарал татсан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шуурхай шийдэж, гэм буруутай этгээдүүдээр Монголын төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлбэл шударга ёсонд нийцэх билээ.

Эх сурвалж: Д.ДАЙЧИН

unuudur.mn

4 thoughts on “Яллагдагчаар татсан Э.Бат-Үүлийн хэргийг хэрхэх бол?

  1. Нэргүй 2018-10-24 10:22 at 10:22

    шүүх шударга байгаач Монгол Улсын хөрөнгийг идэж ууж ханахаа байсан Бат үүл мэтийн луйварчдийг насаар нь хориж хөрөнгийг нь хураагаач хүүхдийнхээ нэрээр луйвар хийсэн цайцан хулгаач үхсэн хатсаны улсын баатар вэ Элбэгдорж хятадын хийсэн луйвар тэр баатарыг хурааж авбал таарна

    Хариулах
  2. Нэргүй 2018-10-24 10:44 at 10:44

    Энэ БАТҮҮЛ ЭЛБЭГДОРЖ хоер алуурчинг барьж шоронд нь хатаагаачээ Тэр хэлмэгдсэн хоер хүнийг нь гаргаад явуул,ямар хэцүү хууль вэ,

    Хариулах
  3. иргэн 2018-10-24 12:02 at 12:02

    тийм дээ АТГ болон Хууль хяналтынхан иймэрхүү Гэмт хэргүүдийг Мартагнуулах гэж байж болох ч Ард иргэд бол Хэзээ ч Мартахгүй шүү дээ Одоо АТГ-ын болон Хууль хяналтын байгууллагын Удирдлагууд энэ Албан тушаал дээр эдгээр Этгээдүүдыг хаацайлаад байгаад байхгүйн лавтай Хааны Алба халаатай нэг өдөр Албанаас бууж Гэмт хэрэгтэнгүүдыг Хаацайлсан хэрэгт ч Унаж мэднэ шүү дээ

    Хариулах
  4. 2 бэрд 2018-10-24 12:52 at 12:52

    Гэр бүлийн луйварчид хулгайчид.

    Хариулах

2 бэрд-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн