“Хүүхдийн хорих” гэх тодотголтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сургалт хүмүүсийн тусгай байгууллага”-д хүмүүжиж байсан өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллалаа. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуулын даргалсан хуралдааны шийдвэрээр тэдгээр хүүхдүүдийг сулласан юм. Ял эдлэх хугацаанаасаа өмнө суллагдсан хүүхдүүд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлж, дахин алдахгүй гэдэг амлалтыг өгч байсан юм.
Эцэг, эхийнхээ үгэнд орох хамгийн чухал гэдгийг ойлголоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан Ш сэтгэгдлээ илэрхийллээ.
-Яаж яваад гэмт хэрэгт холбогдчихов?
-Би ээж, аавынхаа хайр халамжид эрх дураараа өссөн. Аав, ээжийнхээ үгэнд оролгүй зөрүүдэлж, гэртээ байх ёстой цагаараа гадуур тэнэж байсан нь миний алдааны эхлэл байжээ.
Гэртээ, хичээлдээ зарцуулах цагаа PC тоглож өнгөрөөнө. Тоглох, тэнэх мөнгө олдохгүй болохоор дээрэм, залилан хийж гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн. Энэ алдаа миний амьдралд том ташуур өглөө. Дахиж хэзээ ч алдахгүй гэж өөртөө амласан.
-Ял эдлэх хугацаанаас чинь өмнө суллах шийдвэрийг шүүх гаргалаа. Их сургуульд элсэх чухал алхам чиний өмнө байна.
-Ерөнхий шүүгч их итгэл хүлээлгэж эдлээгүй үлдсэн 4 сар 4 хоногийг тэнслээ. Цаг мөч бүхэн хайран байгаа болохоор шүүгчийн шийдвэр үгээр хэлэхийн аргагүй итгэл найдвар, баяр баяслыг өглөө.
Хурдан л аав ээждээ үнсүүлэхсэн гэж бодож байна. Би багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Гэртээ хариад элсэлтийн ерөнхий шалгалтаа бэлдэж хүссэн сургуульдаа орно гэж бодож байна. Хүн эцэг эхийнхээ үгэнд орох л хамгийн чухал гэдгийг ойлголоо. Тэд маань хэзээ ч буруу зүйл хэлдэггүй. Бидний сайн сайхны төлөө байдаг. Харин бид зөрүүдэлж байж л буруу замаар ордог гэдгийг ойлголоо.
Үеийн найзууддаа хандаж хэлэхэд “Хамгийн сайхан зам гэртээ харих зам” гэдэг үгийг ойлгож ухамсарлаарай гэж хэлмээр байна гэв.
Өсвөр насныханд сургалт сайн хийгээсэй
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан гэмт хэрэгт ял эдэлж байгаад суллагдсан Б ийнхүү ярилаа. Тэрбээр “Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Ээж минь нурууны хүнд хагалгаанд орох болоод манайхан мөнгө хайж байсан юм. Би тэнэг, болчимгүй зүйл сэдэж хялбар аргаар мөнгө олно гэж дээрэм хийсэн маань энэ амьдралын хамгийн том алдаа боллоо.
Өвчтэй ээж, гэрийнхнийгээ сэтгэл санаа, эд материалын том хохиролд унагасан. Уг нь би 12 дугаар ангиа төгсөөд Хууль сахиулах их сургуульд орохоор төлөвлөчихсөн байсан юм. Өөрийнхөө буруугаас хүссэн сургуульдаа орж чадаагүй. Гэхдээ хоригдож байх хугацаандаа элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд МУБИС-д элссэн. Суллагдаад шууд хичээлдээ сууна. Оюутан болсныг минь харгалзаж хугацаанаас өмнө сулласан шүүгчид маш их баярлаж байна.
Энд ар гэрийн хайр халамж, хараа хяналт сайн хүүхдүүд яаж хурдан хүмүүжиж гараад зөв амьдрах вэ гэж хичээж, ярьдаг. Ар гэрээс нь эргэлт ирдэггүй, эцэг, эх нь хайхардаггүй хүүхдүүд эсрэгээрээ хэн нэгнийг буруутгаж, амьдралд гутранги үзэлтэй болсон нь ажиглагддаг.
Хууль хяналтын байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өсвөр насны хүүхдүүдэд үр дүнтэй сургалтуудыг хангалттай хийдэг бол олон хүүхдүүд өнөөдөр гэрэл гэгээтэй амьдралтай, алдаж хазайх нь бага байх байсан байх. Миний эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 27 хоногийг хугацааны өмнө сулласан шүүх бүрэлдэхүүндээ, төр засагтаа маш их баярлалаа. Гараад зөв л амьдарна гэж бодож байна” гэв.
З.Баяржаргал
Эх сурвалж: Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээллийн хэлтэс
1 comment
сайн байна ингэж итгэл хүлээлгэж байх хэрэгтэй хүүхэд бол хүүхэд шүү