Цахим ертөнцөд нэгдсэн залуусын “Дархан Монгол” нэгдлээс Дубайн гэрээг баталгаажуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгуулах тухай асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд тус захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа юм байна.
Мэдээллийн үеэр тэд Үндэсний язгуур эрх ашгийг хохироож, ард түмний баялгийг гадныхан завших боломжийг баталгаажуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гаргасан захирамжууд хэд хэдэн хуулийн заалтуудыг зөрчсөн тул Үндэсний язгуур эрх ашгийг хохироож, ард түмний баялгийг гадныхан завших боломжийг баталгаажуулсан тэдгээр захирамжуудыг хүчингүй болгох хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Тус нэгдлийн эдийн засгийн зөвлөх Ч.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Монголын нийт ард түмний эрх ашигт нөлөөлөх зүйлийг ганцхан Ерөнхий сайд гэдэг хүн захирамж гаргаж шийдсэн. Энэ захирамжийг хүчингүй болгуулахаар бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захирамжийг хүчингүй болгохгүй бол бид Дубайн гэрээг хөндөнө. Дубай хотод гарын зурсан гэрээг зөвхөн англи хэл дээр байгуулсан. Гэрээний 8.4-т гэрээг англи болон монгол хэл дээр үйлдэнэ…гэсэн заалт байдаг. Гэтэл монгол хэлээр бичсэн хувь байхгүй. Тэгэхээр Монголын талаас Дубайн гэрээ хүчинтэй юу гэдэг асуудал гарна” гэв.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөнд Монголын талаас гарын үсэг зурах эрхийг Эрдэнэс Монгол болон Эрдэнэс Оюутолгой компанийн захирлуудад өгсөн Ерөнхий сайдын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа юм байна. Тухайлбал, уг захирамж нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.1, 23 дугаар зүйлийн 23.3, наймдугаар зүйлийн 8.7 заалтуудыг зөрчсөн хэмээн тэд үзэж байна. Цаашид энэ гэрээг хүчинтэй эсэх асуудлыг авч хэлэлцэхийг Засгийн газар, УИХ-аас шаардах болно гэдгээ ДМ нэгдлээс мэдэгдлээ.
Тэдний хэлж буйгаар Оюутолгой компани жилд 200 гаруй сая ам.долларын алдагдалтай ажиллаж байгаа гэнэ. Нийт алдагдал нь хоёр тэрбум орчим ам.долларт хүрсэн талаар хэвлэлийн хурлаар ДМ нэгдлийн эдийн засгийн зөвлөх Ч.Бат-Эрдэнэ тодотгож байсан юм.