Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад Монгол оролцож магадгүй талаар ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээллээ. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов хэлэхдээ “Солонгосын хойгийн хэлэлцээрийн тодорхой түвшинд Монгол Улс оролцохгүй гэх газаргүй” гэв. “Тасс” агентлагт өгсөн ярилцлагадаа Моргулов Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд ОХУ, БНХАУ, Хойд Солонгос болон АНУ, Өмнөд Солонгос, Япон гэсэн зургаан талын төлөөлөл ширээний ард суух шаардлагатай ба үүнд Монгол Улс нэмэгдэх бүрэн боломжтой талаар өгүүлсэн байна.
Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хэлэлцээрийг энэхүү шинэ загварт оруулж, дахин эхлүүлэх талаар ОХУ-ын албаныхан АНУ-ын Хойд Солонгос дахь онцгой эрхт төлөөлөгч Стив Бигантай ярилцсан аж. Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов:
-Бид зургаан талын хэлцлээр асуудлыг шийдэх нь илүү зохистой гэж үзэж байгаа нь нууц биш. Үүний хажуугаар хэлцлийн загварт өөрчлөлт оруулахыг ч зөвшөөрч байгаа юм. Хэрэв бид Зүүн хойд Ази дахь энх тайвны тогтолцоог хангах талаар ярилцах гэж байгаа бол Монгол Улс Зүүн хойд Азид байршилтай шүү дээ.
Тиймээс Монгол Улсыг хэлэлцээрийн тодорхой түвшинд оролцож, уулзалтыг долоон талын уулзалт болгож өргөжүүлэх боломжгүй гэх газаргүй. Ахмад дипломатын хэлснээр Москва уулзалтын төрөл, зохион байгуулалтын ямар ч загварыг дагахад бэлэн байгаа аж. Ингэхдээ бүс нутаг дахь энх тайван, тогтвортой байдлыг хангах ашиг сонирхолд гол үүрэг гүйцэтгэж байгаа бүх тоглогчдыг оролцуулж, олон талын хамтын шийдэл гаргах хүсэлтэй байгаа гэнэ. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах Хойд болон Өмнөд Солонгос, АНУ, ОХУ, Япон, БНХАУ улсуудын зургаан талын хэлэлцээр 2008 онд Пхеньяны хүсэлтээр зогссон түүхтэй.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин