Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт, БНХАУ-ын Ганцмод боомтын чиглэлийн улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Энержи ресурс” ХХК, , “Тавантолгой” ХК болон “Гашуунсухайт авто зам” ХХК-тай хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулжээ.
Тус гэрээг баталгаажуулж “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран, “Энержи ресурс” ХХК-ийн худалдаа хариуцсан дэд ерөнхийлөгч Т.Түвшинбаяр, “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж болон “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд нар гарын үсэг зурсан байна.
Энэхүү хамтран ажиллах гэрээнд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан ашигт малтмалын олборлолт, экспортын төлөвлөгөөний тоо хэмжээ, авто замын даац, хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн тоотой уялдуулан улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг хамтран зохион байгуулахаар тусгажээ. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас энэхүү “Тээвэрлэлтийн гэрээ”-г үндэслэн Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрт заасны дагуу батлагдсан маршрутын дагуу тээврийн хэрэгслүүдэд хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгож, хяналт тавихаар заасан юм. Энэхүү хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулснаар автомашины төвлөрөл саарах, тээвэрлэгчдийн хариуцлага сайжрах, зам тээврийн осол буурах, жолооч нарын нийгмийн асуудал шийдэгдэх, жолооч нарын нийгмийн болон эрүүл мэндийн халамж үйлчилгээ авах ач холбогдолтой аж.
Учир нь өмнө нь уурхайнууд зөвхөн худалдан авагч талдаа тээвэрлэлтээ даатгаж орхисоноос зохицуулалт алдагдсан байсан тул энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулснаар уурхайнууд тээвэрлэлтийн асуудалдаа анхаарч, автозамаас хяналт тавьснаар уурхайн хүчин чадал, боомтын болон авто замын нэвтрүүлэх хүчин чадалд нийцүүлэн зохицуулалт хийх боломж ийнхүү бүрдсэн байна.