Чингис хаан Чанчунь бомботой уулзсан түүх

Сүүлийн үед Чингис хаанаас Чанчунь бомбыг урьж уулзсан түүхэн үйл явдлыг жирийн хүмүүс төдийгүй, улс төр, гадаад харилцааны хүрээнд ч анхааран судалж, холбогдох түүх бичлэг, ном судрыг дахин хэвлэх явдал идэвхжиж байна.

Учир нь энэ бол яах аргагүй тухайн үеийн дэлхий дахины, олон улсын томоохон чухал үйл явдал, улс хоорондын харилцааны нэн сонирхолтой үйл хэрэг байсан юм. Монголчууд бид энэ үйл явдлыг нэлээд гадарлах боловч гүйцэд сайн мэдэхгүй, гүнзгий судлаагүй байна. Т

ухайн цаг үед буюу 13 дугаар зууны үед Монголыг, дэлхийн эзэнт гүрэн байгуулсан монголчуудыг сонирхон судлах, таньж мэдэх гэсэн сонирхол эрмэлзэл, зайлшгүй шаардлага хүчтэй тавигдаж болж, өрнө дорнын олон улс түмнээс элч болон жуулчлан ирж асан олон хүмүүсийн түүх бичлэгт тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлуудын дунд Чанчунь бомбын аялал жуулчлал онцгой байр эзэлдэг.

Тэгвэл энэ үйл явдлыг хамгийн товчоор хэдэн зүйлээр тодорхойлон дурдахад:

Нэгдүгээрт, Чингис хаантай уулзахаар Монгол хийгээд Дундад Азийн орнуудаар аялан жуулчилсан Чанчунь бомбын эл хэрэг явдал бол өрнөдийн Марко Поло, Плано Карпини, Гильом де Рубрук, хятадын Пэн Даяа, Сюй Тин зэрэг олон нэрд гарсан аялагч жуулчдын аялал жуулчлалаас хамаагүй өмнө буюу ямарч гэсэн эдгээр нэр бүхий аялагчдаас хамгийн түрүүнд болсноороо түүхэн үнэ цэн, ач холбогдлоороо зүйрлэшгүй юм.

Хоёрдугаарт, Чанчунь бомбо нь Монголын хэмээх тодотголтой дэлхийн эзэнт гүрнийг үндэслэгч агуу их Чингис хаантай биечлэн уулзаж, дэлхийн хэрэг явдал, төрийн бодлого үйлийг хэлэлцэн зөвлөж явснаараа бусад нэр бүхий аялагч жуулчдад тохиогоогүй түүхэн их хувь заяаны эзэн болсноороо бас онцгой үйл явдал болсон юм.

Гуравдугаарт, Чингис хаанаас Чанчунь бомбыг урьж залсан заллагын захидал бол бодитой түүхэн баримт бичиг мөн бөгөөд үүгээрээ Чингис хааны үзэл бодол, үйл хэргийг хамгийн ихээр тусган үлдээсэн чухал ач холбогдол бүхий түүхэн бичиг баримт мөн. Өнөөдөр уг захидлын эх бичиг байхгүй ч түүнээс шууд хуулбарлан чулуун дээр сийлэн бичсэн хувь хадгалагдан өнөөг хүрч ирсний дээр Бээжин хотын Бай юньгуань хэмээх Чанчунь бомбын сүм зэрэг газарт түүнээс авсан хувь хуулбар, мөн уг захидлын дундад зууны үеийн худам монгол орчуулга зэрэг баримт бичиг судалгааны чухал эх сурвалж, судлагдахуун болж байна.

Одоо уг захидлыг монгол орчуулгаар нь үзэцгээе:

Мөнх тэнгэр, хятад иргэдийн хэтэрхий дээрэнгүй, омог бардмыг жигшсэн байнам. Хаан миний бие умар зүгийн Их хээр талд аж төрөн сууж, чин сэтгэлээр чигч шударгыг эрхэмлэн тогтоогоод, сүйтгэн бүрэлгэхийг хориглон зогсоож, өмсөх хувцас, идэх хоолоон адуучин үхэрчинтэй хуваалцан, ард иргэдийг үр хүүхэдтэйгээ адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээн мэт хүндэлж, эв эеийг эрхэмлэн, энэрэл хишгийг түгээмүй.

Түмэн олныг дайчлах их үйлд тэргүүлэн явж, олон их дайн тулаанд амь насаа умартан зүтгэсээр, долоон жилийн дотор төр улсын их үйлсийг бүтээвэй. Өдгөө би дөрвөн зүг найман зовхисын таван өнгө, дөрвөн харийн олон улс орныг нэгтгэн хураагаад нэгэн төрийн жолоонд орууллаа.

Гэвч энэ бол мөхөс миний үйл эрдэм ихийн тул бүтсэн хэрэг биш болой. Харин Алтан улсын төр засаг итгэлгүй тогтворгүй болоход Мөнх тэнгэрээс намайг ивээн тэтгэж, эрхэм дээдийг залгамжлан эдлэх хувь тохиол оноосны учир би бээр өмнө зүгийн Сүн төр улстай холбоо тогтоож, өрнө зүгийн Сартуул улстай хаяа нийлэх болсон агаад Зүүн Ся улс зэрэг харь этгээдийн олон улс орон надад харьяат түшмэл улс болон дагаад байнам. Сэтгэхүл энэ нь манай Шаньюйн улсад мянган он, зуун үед эс гарсан хэрэг болвой.

Хэдий тийм боловч надад оногдсон үйлс агуу, үүрэг хүнд учраас тэр бүхнийг тэгшлэн засахуйд алдас гаргахаас нэн ч сэргийлэн хичээнгүйлнэм. Завь онгоц үйлдэж залуур сэлүүрийг урлах нь гол мөрнийг гатлахын төлөө билээ. Өдгөө миний бие эрдэмтэн мэргэдийг залж, авьяастан чадвартныг түшихийг хүсч буй нь дэлхий дахиныг амарлиулахын төлөө болой. Гэвч миний бие хаан сууринд суусан цагаас янагш чин сэтгэлээр төр засагт зүтгэсээр өнөөг хүрэхдээ гурван гүн, есөн чингийн орноо үүнд нийцэх хүнийг хараахан эс олсон анам.

Харин өдгөө сонсохул Цю багштан Та бомбын үнэн биеийг олоод ёсыг журамлан ихийг үзэж, үлэмжийг мэдэн, далдыг ухаад, ёс зүйд нэвтрэн, эрдэм чадал төгс бүрджээ хэмээн улс даяараан алдаршиж, эртний богд мэргэдийн номлол сургаалыг өвөрлөн, эрдэмт хүмүний сайн ёсоор аглаг уулнаа бясалгал хийн удтал сууж буй гэнэм. Өвөг дээдсийнхээ үлдээсэн эрдэм увьдсыг өвлөн уламжилж, үнэнхүү эрдэмт арш болсон эрхэм Таныг, бомбын ёсны замд орсон сүсэгтэн олон үүлэн мэт хуран хүрээлсэн гэдгийг мөхөс би тугаархан олж мэдэвэй.

Хаан миний бие алсын аянд мордсон хойноо сая, эрхэм Таныг Шаньдунгийн хязгаар нутагтаан буйг сонсоод Таныг ихэд бишрэн санагалзах сэтгэл минь ер үл дарагдах болов. Бас Таны Вэйшуй голын хөвөөнөө сүйх тэргээр зорчсон хийгээд улалжин гэрт гурвантаа очсон зэрэг үлгэр домог болсон яриа хөөрөөг тань сонсон нэн ихээр бахархах боловч уул гол хэтэрхий алс хол тул энэ удаад биеэр хүрч учран золгож эс чадавай.

Иймийн тул мөхөс би алс газраас боловч суудлаасаан босч бие мэхүйн Танд ёсолж, шадар түшмэл Лю Жунлу-д хөнгөн улаа, сүйх тэрэг өгч илгээн, Таныг мянган газрын чанадаас урин залж байнам. Эрхэм арш биеийг түр зүдээн, элсэн цөлийг элчилгүй алс хэмээн төвөгшөөж буцалгүйгээр морилон ирж, түмэн олны зовлн зүдгийг арилгаж, дэлхий дахиныг засах үйл эрдмийг мөхөс надад зөвлөн хэлж, жич бас миний биед насыг уртасгаж, өлзий хутгийг бататгах увьдас эрдмийг зааж хайрлах болов уу.

Тэр цагт мөхөс би багш Таныг өөрийн биеэр хүндлэн асрангаа мэргэн үг, шидэт сургаалыг тань сонсоё хэмээн ихэд хичээнгүйлэн хүснэм. Эрхэм Таны эрдэм сургаалыг түр ч атугай хүртвээс буян завшаан болох буй заа хэмээсэн үүгээр миний бие бодол сэтгэлийнхээ өчүүхэн төдийг цухас илэрхийлэн зарлигийн захидалд дурдавай. Эрхэм Та үүнээс хойчийн их үйлийн утга учрыг ойлгож ухсан бол Бомбын ёсыг гэрэлтүүлэн янагш морилон ирж, сайн явдлаас үл ухран, хамаг аьтны хүсэл сэтгэлийг эс чилээх болтугай.
Үүнийг тодорхой мэдэгдмүй. Лавтайяа сайтар хянан ухах буй заа.

Таван сарын шинийн нэгнээ бичиглэвэй.”

/Зохиогч Чанчунь бомбын сүмийн гэрэлт хөшөөний дэргэд/

Энэ түүхэн чухал ач холбогдол бүхий захидлыг бичиг сударт янз бүрээр нэрлэж иржээ. Чингис хааны жуух бичиг, урилгын захидал, заллагын захидал, зарлигийн захидал гэж олон янзаар орчуулан оноож ирсэн энэ үгс хятадаараа бол “жаошу” буюу жуух бичиг гэсэн үгээр илэхийлэгдсээр иржээ. Олон хүн энэ захидлыг Чанчунь бомбыг дагалдан явсан түүний гарын шавь Ли Жичаны бичсэн “Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл”-д байдаг гэж ойлгодог. Гэвч тийм биш юм.

Юуны өмнө Ли Жичаны бичсэн “Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийн талаар эхлэн дурдая. Өөрийн хятад дайфу буюу хувийн эмч Лю Жунлу хэмээгчээсээ Хятад газар гурван зуун нас насалсан Чанчунь хэмээх гайхамшигт хүн – Бомбын ёсны их арш байдаг тухай сонссон хаан бээр түүнийг урин залж, учран уулзахыг ихэд хүсчээ. Үүнд хоёр шалтгаан буй. Нэг нь хаантан бээр ихийг үзэж, эрдмийн оргилд хүрсэн их мэргэд өтгөсийг дэргэдээ цуглуулж, дэлхийн дайдыг хураасан их улс гүрнийхээ төрийг хэрхэн засч, түмнийг хэрхэн жолоодох тухай ном ёсыг сонсох гэсэн хэрэг. Нөгөө нь насан өндөр болж асан хаантан өөрөө урт насалж, удаан жаргах далдхан хүсэлдээ хөтлөгдөн, биеийг сувилан тэтгэх арга ухааныг битүүдээн эрэлхийлж байсны учир болой.

Тэр ч ёсоор Чингис хаан насныхаа сүүл рүү олон улс оронд сонсогдсон эрдэмт мэргэдийг урьж залан, захидал бичиг илгээн харилцах болжээ. Хааны энэ чин хүслийг олж мэдсэн шадар дэргэдийнх нь хүмүүс, түүний дотор мөнөөх Лю Жунлу хэмээх нангиад оточ дайфу тодорхой учир шалтгааны улмаас хаанд ийнхүү худал дэгс зүйл дуулгасан байдаг. Чухам яагаад тэрбээр чингэж хэлэв? гэхүл магад, хаантанд улам их тал засч, хайр энэрэлийг нь олох гэсэн, бас өөрийн амь насыг аварч хоохойлох гэсэн арга ядсан арга чарга ч байсан байж болох талтай. Гэхдээ ямарч байсан Чанчунь бомбо бол хол ойрд нэр алдар нь түгсэн цуутай, номтой эрдэмт мэргэн арш байсан нь үнэн юм.

Ингээд Чанчунь бомбын тухай олж сонссон Чингис хаан, ямар ч байсан түүнтэй уулзахыг хүсчээ. Эхний удаа урихад Чанчунь бомбоос хариу ирээгүй тул шадар сайд Елүй Чуцайд үүрэг өгч эвтэй зөөлөн үгтэй заллагын захидлыг бичүүлж, өөрийн биеэр үзэн шалгаад элчид өгч илгээсэн байдаг. Түүнийг олон газрын хаад, ноёд урин залж, сургаал номлолоо айлдахыг хүсч байсан ч тэрбээр энэ үеийг хүртэл хэний ч хүсэлтийг биелүүлээгүй байжээ. 1219 оны билгийн улирлын тавдугаар сарын 19-ний өдөр бичсэн эл захидлыг дээр бид үзсэн билээ.

Түүнийг нь үзсэн Чанчунь бомбо энэ удаад цааргалан хойш сууж төвдсөнгүй, олон шавь нартаа: “-Тэнгэрийн цаг ирсэн болой. Би явах ёстой!” хэмээн хэлээд дал шүргэж асан өндөр нас, өтөл биеэ үл хайрлан алсын их аян замд шуудран гарсан гэдэг. Чингэхгүй бол ч болохгүй байлаа. Дэлхийг эзэгнэсэн их хааны зарлиг тушаалыг хүлээн авч ёсчлон биелүүлэхгүй аваас түүнд, түүний улс орон, ард түмэнд улам их гай барцад, бэрх зовлон ирэх байсан байж магад. Энэ тухай ч Чанчунь бомбо шавь нартаа битүү утгаар хэлсэн байдаг. Ийнхүү 1219 оны 7 дугаар сард Бээжингээс цааш орших Шаньдун нутгийн гүнээс эхэлсэн энэ түүхт аялал Хойд Хятад, Монгол орон, Дундад Азийн олон газар орноор дамжин бүтэн гурван жил үргэлжилж, 1223 оны хавар Бээжинд буцаж ирснээр өндөрлөсөн энэ аялалд багшийгаа дагалдан хамт явсан шавь Ли Жичан гэгч нь аяллын туршид бичиж тэмдэглэж явсан бүхнээ хожим нь эмхэтгэн нэгтгэж, энэхүү “Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх бүтээл мэндэлсэн болой.

Энэ номыг 1997 онд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн ажилтан Н.Ариунгуа эрдэм шинжилгээний орчуулга хийн анх монгол уншигчдын хүртээл болгосон бол миний бие өөрийн шавь Ц.Ганбаатар агсны хамтаар эрдэмтэн судлаач хийгээд нийт уншигчдад зориулан орчуулж 2010 онд хэвлүүлсэн билээ. Ирэх 2019 онд энэ түүхт аялалын 800 жилийн ой тохионо. 800 жил гэдэг бол асар урт цаг хугацаа. Дээр нь аливаа түүхэн үйл явдлын хувьд аргагүй л нэхэн дурсч, судалж мэдүүштэй цаг хугацаа. Тиймээс бид энэ түүхт аяллын талаар ирэх онд анхаарч, судалж, олон нийтэд хүргэн мэдүүлүүштэй түүх судлалын, хэл шинжлэлийн гээд Монгол судлалын хүрээний арга хэмжээ, хурал уулзалт, цаашилбал урлаг соёлын шинжтэй янз бүрийн ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлж болно. Харин баяр наадам хийх хэрэггүй, эрдэм номын, судалгаа шинжилгээний хүрээнд тэмдэглэх ёстой.

Тухайлбал, Чанчунь бомбын аяллын маршрутыг нягтлан тогтоож, түүгээр эрдэмтэд, хэвлэл мэдээллийнхэн, киноныхныг оролцуулсан аялал зохион байгуулмаар. Тэгвэл энэ түүхт үйл явдлын талаар бүдэг бүрхэг олон зүйл тодрон гарч ирэх болно. Энэ явцад телевизийн цуврал нэвтрүүлэг хийж боломжтой. Нэг жишээ дурдахад, Чанчунь бомбо тэргүүт түүний багийнхан Монголын олон газар нутгаар явж өнгөрснийг уг тэмдэглэлд нарийн тодорхой дурдан өгүүлдэг нь шинжлэх ухааны маш их ач холбогдолтой. Саяхан л гэхэд түүхч А.Очирын тэргүүлсэн археологийн баг хэдэн жилийн өмнө Чингай балгасыг Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт олж илрүүлсэн. Чингай балгас бол Монголын нутгаас Дундад Азийн нутаг руу орох их замын бүс нутгийг холбосон стратегийн маш чухал түшиц газар байсан.

Миний мэдэхээр, Хятадын эрдэмтэд, телевиз киноныхон 2016 оны зун байх, Монголд ирж энэ түүхт аяллын замаар Монголын зүүн хязгаараас баруун зах хүртэл аялан явж зураг авсныг санаж байна. Хятадууд нэгийг урьдчилан харж төлөвлөсөн байж таарна. Тэд энэ түүхт аяллын тухай телевизийн олон ангит уран сайхны кино хийх судалгаа хийж байгаа тухай дуулдаж байсан. МУИС-ийн Хятад судлалын тэнхимийн багш, миний шавь нар энэ арга хэмжээнд оролцсон бөгөөд, миний бие гадаадад байсан тул оролцож чадаагүй. Амралтаараа Монголд ирж таараад, энэ тухай сонсч дэмий л атаархаад өнгөрсөн юм аа. Манай эрдэмтэн судлаачид, телевиз киноныхон, бусад уран бүтээлчид энэ сэдвийг анхаарч, хамтран ороосой гэж ихэд хүснэ.

“Монголфильм” студийн уран бүтээлчид хятад нөхөдтэй хамтран энэ сэдвээр 12 ангит уран сайхны кино хийхээр төлөвлөн ярилцаж байгаа. Ийм хэмжээний бүтээл хийхэд маш их мөнгө хөрөнгө орох нь мэдээж. Их ч судалгаа орно, их ч бэлтгэл шаардагдана. 2009 онд буюу энэ түүхт аяллын 790 жилийн ойн жил тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон хатагтайн эрхэлдэг ”Монгол соёлын өв” сангийн захиалга, ивээн тэтгэлгээр миний бие энэ бүтээлийг шавь Ц.Ганбаатар агсны хамт орчуулж удаахь онд нь хэвлүүлсэн юм. Өдгөө дахин хэвлүүлэх санал тавьж байгаа. Ямарч гэсэн, энэ түүхт ойг зүгээр өнгөрөөлгүй, манай ШУА, Монгол судлалын байгууллагууд, соёл урлагийнхан бодитой, ач холбогдолтой ажил сэдэж хийгүүштэй.

Одоо уг захидал руугаа эргэж орьё. Захидлын эх өнөөдөр байхгүй, харин золоор буянтай хүмүүсийн ачаар хуулбарлагдан өнөөг хүрч иржээ. Захидлыг хаанаас олсон бэ? гэхүл ийм түүхтэй ажгуу. 1309 онд Хэнань мужийн Нэйсян хошууны Шитан шань хэмээх ууланд агч Пузи гун хэмээх сүмийнхэн Чингис хааны алдар сууг мөнхөлж, Чанчунь бомбын байгуулсан гавьяаг алдаршуулах зарилгоор Дэнжоу нутгийн чулуучин Ли Зинжун гэгчээр чулуун дээр сийлүүлэн бичүүлж үлдээжээ. Тухайн үед зарлигийн захидлыг олшруулан хувилж, Бомбын шашны сүм хийдүүдэд тараан түгээж байж гэж үзэхэд хүргэдэг. Уг хөшөө чулуу нь 1.8 м өндөр, 63 см өргөн, 23 см зузаантай агаад хятад ханз үсгийн хичээнгүй бичгийн тигээр сийлэн бичсэн, нийт 16 мөр, нэг мөрөндөө 32 ханз үсэгтэй ажээ.

Чанчунь бомбын сүмийн их хаалга

Бээжин хотын баруун өмнө дүүрэгт Бай-юньгуань буюу Цагаан үүлийн сүм хэмээх бомбын шашны их сүм буй. Мянганыг элээн өнөөг хүрч ирсэн энэ сүмийг Чингис хаан энэ түүхт уулзалтын үеэр Чанчунь бомбын хүсэлтээр түүнд соёрхон шагнаж, насан туршдаа энэ сүмийг эзэгнэн эрхшээн суутугай! хэмээн айлдан зарлигласан байдаг. Евразийн өргөн уудам газар нутаг бараглан Монголын их гүрний харьяанд орсон байсан тул их хаан бээр хаана буй юугаа хэнд хэрхэн соёрхох нь түүний дур хүслийн хэрэг байсны нэгэн жишээ энэ буюу. Тэр ёсоор Чанчунь бомбо тэнгэрт хальтлаа уг сүмд сууж, нийт Хятад орны бомбын шашны бүх үйл хэргийг эрхлэн шийтгэж байжээ. Түүнийг 1227 оны зун тэнгэрт халихад нь Чингис хаанд дуулгасанд хаан бээр уг сүмийг түүний тахилын сүм болгохыг зарлигдсан бөгөөд Чингис хааныг тэнгэрт хальсны удаахь хоёр онд Их Монгол Улсын төрийг барьсан отгон хүү Тулуйн зарлигаар энд Чанчунь бомбын тахилгын дуганг нэмж барьсан нь өнөө ч сүндэрлэн буй.

Тулуйн зарлигаар 1228 онд барьсан тахилын дуган

Бас эндэхийн музейд хятад хэлээр бичсэн Чингис хааны зарлигийн захидлын хуулбар хувь хадгалаастай байдгийн дээр, сүмийн архивт 1720-иод оны сүүлчээр Хятад хэлнээс монголчлон орчуулж, худам үсгээр бичсэн хувь хадгалагдаж байгааг миний бие 2007 онд сүмийн мэдэлтнүүдтэй хэдэнтээ уулзан байж олж үзсэн юм. Манж дайчин улсын Найралт төв хааны үед буюу аргын 1720-иод оны сүүлчээр өвөрлөгч монгол хошууны нэгэн ноён эл захидлыг олж үзээд монголчлон буулгаж хадгалуулсан эх хувь байсан.

Их хааны заллагын захидал байх болуужин гэж ихэд хорхойсч байсан би бээр хожуу үеийн хуулбар тайлбарын хамт гарч ирсэнд жаахан урам хугарч эхнээс нь уншиж багцаалаад орхисондоо өнөө ч халагладаг юм аа. Хожим дахин үзэх завшаан олдох биз ээ.

Эл зарлигийн захидлаас хувь хуулбар авч, Монгол Улсдаа залахсан гэсэн хүслээ сонин хэвлэлээр ард иргэд, төр засагт илэрхийлж ирсэн. Энэ мянган гарснаас хойш Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч Н.Энхбаяр, өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Франц, ОХУ, Итали, Ватикан зэрэг улс оронд төрийн айлчлал хийх үеэрээ тухайн улсын музей, номын санд хадгалагдаж байдаг Монголын түүх, соёлд холбогдох өв дурсгалуудаас хувь хуулбар авч уугуул эх оронд нь залах буянтай сайхан үйл хийсээр байна. Сүүлийн үед ШУА, Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон улсын хүрээлэн зэрэг байгууллага Чингис хаанаас Чанчунь бомбод илгээсэн эл заллагын захидлаас хувь хуулбар авч эх орондоо залах талаар хөөцөлдөж байгаад талархаж байнам.

Чанчунь бомбын баримал хөшөө

Бид энэ түүхэн том үйл явдлыг олон талаас нь ултай судлах шаардлага тавигдсаар байна. Тухайлбал Чанчунь бомбын сургаал айлдлыг улс төр, цэргийн хэрэг, дайн энх, олон улс гадаад харилцаа, шашин номлолын талаас нь судлах нь сонирхолтой төдийгүй чухал ач холбогдолтой байхын дээр, Чингис хаанаас түүнд алтан гэрэгэ соёрхон шагнасан, “Бомбын ёсны их хутагт арш” хэмээх цол хүртээсэн, Тэнгэрийн доорхи орны бүх бомбын шашны тэргүүнээр тохоон өргөмжилсөн тухай, энэхүү Цагаан үүлийн сүмийн түүх цадиг зэргийг ч нарийвчлан судлах нь түүхийн үл мэдэгдэх олон үйл явдлыг сэргээн бичихэд ихээхэн хувь нэмэр болох нь дамжиггүй.

Энд би ганцхан жишээ эш татан дурдая: Уг захидалд буй “…Би бээр өмнө зүгийн Сүн төр улстай холбоо тогтоож, өрнө зүгийн Сартуул улстай хаяа нийлэх болсон агаад Зүүн Ся улс зэрэг харь этгээдийн олон улс орон надад харьяат түшмэл улс болон дагаад байнам. Сэтгэхүл энэ нь манай Шаньюйн улсад мянган он, зуун үед эс гарсан хэрэг болвой…” гэсэн их хааны энэ үгээс бид монголчуудын угсаа гарлын тухай маш чухал тодорхойлолтыг олж харах болно. “Манай шаньюйн улс” гэсэн энэ үгээрээ Чингис хаан, бид бол эртний агуу их нүүдэлчин угсаатан Хүн нарын удам хойчис мөн гэж батлан илэрхийлжээ. Моодун шаньюйн байгуулсан Хүн гүрнээс хоёр мянганы хойнох өнөөгийн бидэнтэй харьцуулахад тэднээс мянган жилийн хойно, биднээс мянган жилийн өмнө аж төрж асан Чингис хааны монголчууд удам судраа илүү тодорхой мэддэг, цагийн зааг ялгалын хувьд илүү ойр дөт байсан нь гарцаагүй ээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар

2018 он

8 thoughts on “Чингис хаан Чанчунь бомботой уулзсан түүх

  1. зочин 2018-10-20 19:16 at 19:16

    Юугаа тэмдэглээд тэнэгтээд байгаа юм бэ.

    Хариулах
  2. mnbvc 2018-10-20 19:20 at 19:20

    jutai gaihamshig

    Хариулах
  3. Нэргүй 2018-10-20 22:42 at 22:42

    Нэртэйгээр нь Чанчун бомбоо гэчих.

    Хариулах
  4. баянаа 2018-10-20 23:40 at 23:40

    үүнийг сайн сурталчилах хэрэгтэй. төр засгаас хөрөнгө мөнгө гаргах ёстой шүү бөх мөх мори малд өгдөг
    хоёр гурван зуун саяаа ийм зүйлд зориулаач

    Хариулах
  5. уб 2018-10-21 02:03 at 02:03

    өөрийгөөн яасан ч их хавчуулдаг юм

    Хариулах
  6. Нэргүй 2018-10-21 17:24 at 17:24

    Bumba geech

    Хариулах
  7. Иргэн 2018-10-21 21:01 at 21:01

    МОНГОЛЧУУДИЙН АГУУ ИХ ТҮҮХИЙН НЭГЭН ГАЙХАМШИГ ЭНЭ ШҮҮ. ГАНБААТАРТАА БАЯРАЛЛАА.

    Хариулах
  8. анхаанаа 2018-10-21 21:33 at 21:33

    хэн гэчих вээ агуу их чингис хаан маань чан чун бомбоотой уулзсан болж таарч байна уу..доромжлоод байгаарай..

    Хариулах

Иргэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн