Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, АУ-ны магистрант Б.Цэндбаяртай 15-34 насны оюутан, залуучуудын дундах бэлгийн замаар дамжих халдварт өртөх эрсдэлтэй зан үйлийн талаар ярилцлаа.
– Сүүлийн жилүүдэд өсвөр насныхан болоод залуучуудын дунд бэлгийн замаар дамжих халдварт өвчний тоо ихсэж байна гэсэн судалгаа гараад байгаа. Тэгвэл Орхон аймгийн залуусын хувьд энэ тоо өсөлттэй байна уу, эсхүл бууралттай байна уу?
– Орхон аймаг бэлгийн замаар дамжих халдварт өвчний тоогоор улсын хэмжээнд нэлээд дээгүүр аймгуудын тоонд ордог. 2017 оны байдлаар нийт халдварт өвчний талаас илүү хувийг нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байсан. Орхон аймаг залуусын хот бөгөөд нийт хүн амын 34 мянга гаруй нь 15-34 насны залуус байдаг. Харамсалтай нь бэлгийн замаар дамжих халдварын 50 орчим хувийг энэ насныхан эзэлж байна. Тэр дундаа тэмбүүгийн халдвар нийт бэлгийн замаар дамжих халдварт өвчний 49 хувийг эзэлж байна гэдгийг судалгааны дүн харуулсан.
2016-2017 онд хийсэн судалгаагаар 15-34 насны залуусын дунд бэлгийн замаар дамжих халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн, илэрч байгаа, эмнэлэгт хандахгүй явж байгаа залуус тал хувийг эзэлж байсан. Мөн бэлгийн замаар дамжих халдварт өртөх бэлгийн эрсдэлт зан үйлтэй/хоёр болон түүнээс дээш бэлгийн хавьтагчтай/ залуус 10 орчим хувь байсан. Харин оюутан залуусын 30 орчим хувь нь тохиолдлын болон найз охин, хөвгүүнтэйгээ бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэдэг гэсэн бол үлдсэн 60 гаруй хувь нь огт бэлгэвч хэрэглэдэггүй гэсэн судалгааны дүн гарсан. Мөн бид Орхон аймгийн их дээд сургуулийн оюутан, залуусыг үзлэг, шинжилгээнд хамруулж, түүнээс суурь судалгаа хийсэн. Нийт 1500 орчим оюутныг бэлгийн замаар дамжих халдвар, тэр дундаа ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахад 40 орчим хүүхдэд тэмбүүгийн хурдавчилсан оношлуураар эерэг гарсан. Дахиад баталгаажуулах шинжилгээнд хамруулахад нийт оюутны 1.1 хувь нь тэмбүүгийн халдвартай байсан.
Тэгэхээр үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэгт зөвлөгөө өгөх нь чухал байна. Бэлгийн замын халдварт өвчин гэдэг хувь хүний зан үйлтэй л холбоотой. Тиймээс залуус маань найз охин, хөвгүүндээ, гэр бүлийнхэндээ үнэнч байх ёстой. Хоёрдугаарт ямар нэгэн байдлаар бэлгийн хавьталд орохоор бол заавал бэлгэвч хэрэглэх. Мөн бэлгийн замын халдварт өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл заавал мэргэжлийн эмчид хандаж, шинжилгээ өгч, эмчлүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчин эмчлэгддэг, бүрэн эдгэрдэг. Нөгөө талаасаа ХДХВ-ийн халдвар авсан тохиолдолд тэр хүн насан туршдаа эм ууна. Харин эм уугаад эмчлэгдэнэ гэсэн тохиолдол байхгүй. Гэхдээ өдөр бүр тогтсон цагт эм ээ уугаад л байвал тэр хүн хэдэн ч жил амьдрах боломжтой. ДОХ гэхээр л хүмүүс аймшигт өвчин мэт боддог. Энэ бол элэгний В, С вирустэй адил архаг явцтай өвчин юм.
-Залуус өөрсдөө сайн дураараа очиж шинжилгээнд хамрагдаж байна уу. Оюутнуудыг нэгдсэн шинжилгээнд хамруулсан гэлээ. Тэгвэл цаана нь ажилтай, эсхүл ажилгүй олон залуус бий. Тэдний дунд шинж тэмдэг илэрсэн ч тоодоггүй, нуудаг хүмүүс бас байгаа байх. Ер нь сайн дураараа шинжилгээ өгөхөөс гадна өөр ямар аргаар энэ төрлийн өвчнийг илрүүлдэг вэ?
-Ер нь залуус маань бэлгийн замаар дамжих халдварт өвчний тухай мэддэг хэдий ч жилд 1-2 удаа урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах ёстой гэдэг ухамсар огт тархинд суугаагүй. Тэгэхээр цаашдаа зүгээр ярих бус мэдээлэл авч болох бүх сувгаар мэдээлэл, сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Энэ төрлийн халдвар их байгаа учир урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээгээ эрчимжүүлэх нь зүйтэй гээд Орхон аймгийн орон нутгаас төсөв мөнгийг нь шийдэж өгч байгаа. Тухайлбал сүүлийн 3 жилд орон нутгаас энэ чиглэлд 70-80 орчим сая төгрөгийг өгсөн. Бид жил бүр компанит ажлууд хийдэг. Тухайлбал, оюутан залуус руу чиглэсэн, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулж ажилгүй, бэлгийн замаар дамжих халдварт өртөөд байгаа залуусын дунд эрт илрүүлгээ эрчимжүүлдэг. Хамгийн гол нь ямар ямар зан үйлтэй хүн энэ төрлийн халдварт өртөөд байна, хэрвээ зан үйлээ өөрчлөхгүй л бол бэлгийн замаар дамжих халдварт өвчин огт буурахгүй. Харин ч нэмэгдэнэ. Манай аймгийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын 80 гаруй хувийг түрүүн хэлсэнчлэн 15-34 насныхан эзэлж байна.
-Бэлгийн замаар дамжих халдвар авсан тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ. Мөн тухайн шинж тэмдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил илрэх үү. Эсхүл эмэгтэйд нь хурдан болоод ил хэлбэрээр илэрдэг юм болов уу?
-Энэ төрлийн халдвар авсан тохиолдолд нийтлэг илэрдэг шинж тэмдгүүд байдаг.
Үүнд:
-бэлэг эрхтнээс эвгүй өнгө, үнэртэй, ногоон өнгөтэй ялгадас гарах
-бэлэг эрхтний ойролцоо шархлах
-шээс ойр ойрхон хүрэх
-шээхэд хорсож өвдөх/зовиурлах/
-тунгалгийн булчирхай томордог/нимгэн арьстай газруудад байдаг. Эрүүн доор, суга, цавины орчим/ Дээрх шинж тэмдэг аль альд нь илэрнэ.
Гэхдээ эрэгтэй хүнд илүү тод, эмэгтэйчүүдэд бүдэг илэрдэг.
Шарх гарах тохиолдол ерөөсөө тэмбүүгийн халдварын үед л илэрдэг. Тэмбүүгийн халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орлоо, 3-4 хоногийн дараагаас бэлэг эрхтэн дээр нь хатуу шарх гарч эхэлдэг. Үүнийг хүмүүс анзаарахгүй өнгөрчихдөг. Гэтэл хэд хоногийн дараа нөгөө шарх нь алга болчихдог. Энэ нь тэмбүүгийн далд хэлбэр лүүгээ шилжиж байгаа юм. Далд хэлбэртээ шилжвэл залуус мэдэхгүй яваад байдаг. Энэ нь ямар үед илэрдэг вэ гэхээр ямар нэгэн компанит ажил болоод сургуульд орох, гадаад гарах үед шинжилгээ өгөхөд илэрдэг. Ингээд шинжилгээгээр илрэхээр нь хаана, хэзээ, авсныг нь тодруулж асуумж асуухад зарим залуус мэддэггүй. Ерөнхийдөө тэмбүүгийн халдвар 1, 2, 3-р үе шаттай явагдана. 1-р үе нь хатуу яр гарна. Хэрэв эхний үеэ мэдэхгүй өнгөрвөл далд хэлбэрт шилжинэ. 2-р үедээ мэдэхгүй явсаар бусад эрхтэн системд шилжиж, арьс салстаар тууралт гарна. Цаашлаад 3-р үе шатруугаа ороод эмчлүүлэхгүй явсаар байвал 5-10 жилийн дараа мөгөөрсөн эд болон ясанд өөрчлөлт ордог. Дээхэн үед хамар, уруул нь сэтэрсэн хүмүүс байдаг байсан. Тэр бол тэмбүүгийн хурц хэлбэрт шилжсэний шинж тэмдэг юм. Тэмбүүгийн эмчилгээ тариа тарина.
-Халдвар авсан тохиолдолд цусны шинжилгээгээр илэрнэ гэлээ. Хэрэв тэр хүн бүрэн эмчлэгдвэл дахиад цусаар эерэг гарна гэсэн тохиолдол байх уу?
-Тэмбүүгийн үүсгэгч маш мэдрэг. Тиймээс хэдий эмчилгээгээ хийлгээд дууссан ч 1-2 жилийн дахин шинжилгээ өгөхөд хурдавчилсан оношлуураар эерэг гарна. Тухайн хүн өмнө нь өвчлөөд эмчлүүлсэн байна уу, эсхүл дахиад шинээр халдвар авсан уу гэдгийг баталгаажуулах халдвараар оношилно. Хуучин, шинэ гэдгийг нь мэргэжлийн эмч нар оношилно.
-Дахих уу. Тухайлбал, архи, пиво уух, газтай ундаа уух зэрэгт дахиж сэдэрнэ гэж байх уу?
-Эмчилгээгээ тасрахгүй хийлгэсэн тохиолдолд бүрэн эмчлэгдэнэ. Харин эмчилгээ хийлгэж байх явцдаа бэлгийн харьцаанд ойр орох, газтай ундаа, пиво уух зэрэг нь эмчилгээний үр дүнд нөлөөлнө. Гэхдээ яг дээрх зүйлсээс шалтгаалж тэмбүүгийн халдвар дахина гэж байхгүй. Хэрэв дахисан бол шинэ халдвар авсан байна л гэсэн үг.
Эх сурвалж: times.mn