Австралийн Lonely Planet хэвлэлийн газрын шинжээчид төмөр замын хамгийн үзэсгэлэнтэй арван чиглэлийг нэрлэжээ. Чансааны бүрэн жагсаалтыг Lonely Planet – ийн албан ёсны сайтад нийтэлсэн байна.
Эдгээрийн дотор Сибирийн аглаг эзгүй ой тайгаар 4300 км үргэлжилсэн Оросын Байгал-Амарын төмөр замын чиглэл багтжээ. Өвөлдөө хасах жаран хэм хүртэл хүйтэрдэг суурин газруудыг энэхүү төмөр зам холбодог аж.
Хоёр хоног галт тэргээр аялдаг Вьетнамын The Reunification Express Line чиглэлийг шинжээчид мөн онцолжээ. Уг чиглэлийн зам тус орны өмнөд хэсгийн Хошимин хотоос эхэлж Ханойд дуусдаг байна.
Хоёр том хот Чикаго, Сан-Франциског холбосон The California Zephyr жагсаалтын гуравт бичигджээ. Колорадо голын дэргэдүүр нарийнхан хавцал дундуур дайрч өнгөрдөг Денвер-Гленвуд-Спрингсийн хоорондох 290 км хэсгээрээ энэ зам алдартай.
Үүнээс гадна дэлхийн төмөр замын шилдэг чиглэлүүдийн жагсаалтад Эндишмешк хотоос Доруд (Иран), Бээжингээс Лхас хотын тойрог (Хятад), Лондонгоос Форт-Уильям руу Caledonian Sleeper галт тэргээр (Их Британи) явах чиглэл, мөн The Bergensbanen (Норвеги), PeruRail Titicaca (Перу), The TranzAlpine (Шинэ Зеланд), Tazara Railway (Танзани болон Замби) төмөр замууд багтжээ.
Эх сурвалж: www.polit.mn