Энэ сарын 17-ны өдөр Крымийн Керчи хотын нэгэн коллежид тэсрэх хэрэгсэл дэлбэрч 20 хүн амь үрэгдэж 50 гаруй хүн бэртэж гэмтсэн хэрэг гарлаа.
Тодруулбал тус сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, амиа золиослогч 18 настай эрэгтэй сургуулийн цайны газарт тэсрэх хэрэгсэл байршуулж дэлбэлэн, ангийн буугаар хүмүүс рүү гал нээж, эцэст нь өөрийгөө буудан хороосон байна.
Гэмт этгээд өнгөрөгч 9 дүгээр сард ангийн буу эзэмших зөвшөөрөл авсан бөгөөд сэтгэцийн хувьд эрүүл байсан аж. Тэрбээр сургуульдаа хоёр тэсрэх хэрэгсэл, 150 ширхэг сумаар зэвсэглэн ирсэн болохыг цагдаа нар тогтоов.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр амиа золиослогч тэсрэх хэрэгслээ өөрөө бэлтгэсэн бөгөөд ямар учир шалтгааны улмаас террорист ажиллагаа үйлдэх болсныг тогтоохоор шалгаж байна. Гэмт этгээд хэн нэгний дарамт шахалтаар алан хядах ажиллагаа явуулсан байж болзошгүй гэх таамаг мөн бий. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Керчи хотын удирдлагууд бүх сургууль, цэцэрлэгийг доод тал нь хоёр тусгай албаны хүмүүсээр хамгаалуулах шийдвэр гаргасан бөгөөд одоогоор тус хотын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа тур хугацаанд хаагдсан.
Гэм зэмгүй олон багш оюутнууд золиослогдсон энэхүү хэргийн дараа олон орны төр засгийн тэргүүнүүд эмгэнэл илэрхийлж, Крымд гурван хоног гашуудал зарлаад байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ