ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу өнөө өглөө (2018.10.18) Чингис хаан нисэх онгоцны буудалд тусгай үүргийн нисэх онгоцтой буулаа. Түүнийг Батлан хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Даваа нар угтаж аваад байна.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар айлчилж байгаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайдыг ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй таван генерал, 14 төлөөлөгч, 12 хэвлэлийн төлөөлөгчид дагалдаж яваа юм. Айлчлалын үед Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны Хөтөлбөрт гарын үсэг зурах аж.
Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.
Айлчлалын үед Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, С.К.Шойгу нар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх ёслолд оролцох аж.
Мөн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхах юм байна.